БНХАУ-ын Шинжаан Уйгарын Өөртөө Засах Орны Шихэзи их сургуулийн Хөдөө аж ахуйн сургуульд 2026 оны 06 дугаар сарын 12–15-ны өдрүүдэд «Хятад–Төв Азийн давсархаг, шүлтлэг хөрсний шинжлэх ухаан, боловсролын инновацын холбоо» (China–Central Asia Alliance for Sci-Tech and Education Innovation on Saline-Alkali Land)-г байгуулах их хурал, стратегийн хамтын ажиллагааны семинар зохион байгуулагдав. Уг үйл ажиллагаанд Хятад, Төв болон Өмнөд Азийн орнуудын их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын төлөөлөгчид оролцлоо.
Хуралд Монгол Улсын Хөдөө аж ахуйн их сургуулийг (ХААИС, Mongolian University of Life Sciences) төлөөлж Агроэкологийн сургуулийн доктор Д.Ариунцэцэг оролцож, «Alkaline&Saline Soil in Mongolia» (Монгол орны шүлтлэг ба давсархаг хөрс) сэдвээр илтгэл тавилаа. Илтгэлдээ Монгол орны давсархаг, шүлтлэг хөрсний тархац, бүс нутгийн ялгаа, үүсэл хөгжлийн онцлог, газар тариалан, бэлчээрийн ашиглалтад үзүүлэх нөлөө, цаашид тэргүүн ээлжид судлах шаардлагатай асуудлуудыг танилцуулав. Тухайлбал, давсархаг, шүлтлэг хөрс манай орны хэмжээнд Өмнөговь, Дорноговь, Дундговь, Сүхбаатар, Ховд, Увс аймгийн нутагт голлон тархсан болохыг судалгааны мэдээлэлд тулгуурлан харуулсан юм. Хурлын хүрээнд
ХААИС уг холбооны Гишүүн байгууллагаар (Member Institution) албан ёсоор элсэж, гэрчилгээгээ хүлээн авлаа.
ХААИС болон Шихэзи их сургуулийн хооронд «Стратегийн хамтын ажиллагааны хүрээний гэрээ» байгуулав.
 Гэрээнд тэгш эрх, харилцан ашигтай байх зарчмын үндсэн дээр давсархаг, шүлтлэг хөрсийг сайжруулах технологи, тухайн нөхцөлд тохирсон газар тариалангийн шийдэл боловсруулах, хамтарсан судалгаа явуулах, боловсон хүчин бэлтгэх, багш, оюутны солилцоо хийх чиглэлээр хамтран ажиллахаар тусгагдсан.
Доктор Д.Ариунцэцэг холбооны Зөвлөлийн гишүүнээр 2026 оны 06 дугаар сараас 2031 оны 06 дугаар сар хүртэл таван жилийн хугацаатай томилогдож, томилгооны захидал (Letter of Appointment)-аа гардан авлаа.
Мөн Шихэзи их сургуулийн Хөдөө аж ахуйн сургуулиас эрдэм шинжилгээний хэлэлцүүлэгт мэргэжлийн үнэтэй санал, дүгнэлт хүргэсэн болон мэдлэг түгээхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж оролцооны гэрчилгээ (Certificate of Attendance) гардуулав.
Дэлхийн хуурай болон гандуу бүс нутгийн хөрсний доройтлын гол хэлбэрийн нэг бол давсжилт, шүлтжилт юм. Монгол орны говь, хээрийн бүсэд ч уур амьсгалын өөрчлөлт, усны нөөцийн хомсдол, усалгаатай тариалангийн зохисгүй хэрэглээтэй холбоотойгоор энэ асуудал улам хурцдаж байна. Иймд олон улсын түвшинд туршлага, арга зүй, судалгааны мэдээлэл солилцох нь Монгол Улсын хувьд онцгой ач холбогдолтой.
Уг холбоонд гишүүнээр элссэнээр ХААИС нь хөрс судлал, давсархаг шүлтлэг хөрсийг сайжруулах чиглэлээр Хятад, Төв Азийн тэргүүлэх их сургууль, судалгааны байгууллагуудтай хамтарсан төсөл хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээний хурал, зуны сургалтад оролцох, багш, оюутны солилцоо болон лабораторийн туршлага, өгөгдлийн сан ашиглах өргөн боломжтой боллоо.