УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан горимын санал гаргав. Тэрбээр Ерөнхий сайд Засгийн газрын гишүүнээс чөлөөлөгдсөн болон томилох хоёр сайдын асуудлыг яаралтай горимоор хэлэлцэх хүсэлтийг уламжилав. Ингээд санал хураалт явуулж, Ерөнхий сайдын хүсэлтийг хэлэлцэхээр шийдвэрлэлээ. Тиймээс Шүүхийн ерөнхий зөвлөлд нэр дэвшигчийг сонгох асуудлыг түр хойшлуулахаар болов.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын УИХ-ын нэгдсэн хуралдаанд дээрх асуудлыг танилцуулж, үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ, Улсын нийслэлийн асуудал улсын тулгамдсан асуудал болж хувирчээ. Том авлигын асуудлыг цэгцлэхэд нэгдмэл хүчээр ажилласан шиг их хотын идээ бээрийг шахаж, ирээдүйг нь тодорхойлж өгөхөд Улсын Их Хурал, Засгийн газар иргэдтэйгээ хамт байж хэсэг хугацаанд шууд оролцоогоо нэмэх зайлшгүй шаардлага урган гарч ирж байна. Төрийн үйлчилгээний 70 гаруй хувь, төрийн мэдээллийн 11-11 төвд ирж буй гомдлын 80 орчим хувь нь зөвхөн нийслэлтэй холбоотой байна. Нийслэлийн асуудлууд шийдэлгүй үргэлжилбэл Монгол Улсын Үндсэн хуульд тусгагдсан хүний эрх, иргэдийн аюулгүй байдал, амьдралын чанарын үзүүлэлт огт хэрэгжихгүй нь ойлгомжтой. Тийм ч учраас Нийслэл Улаанбаатар хотын талаар Засгийн газрын тусгай тогтоол гаргаж, зургаан сарын хугацаанд Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ нийслэлийн ужгирсан асуудлыг цогц байдлаар шийдвэрлэхэд нь онцгой анхаарч ажиллахаар шийдвэрлэсэн болно. Улсын нийслэлд цогц байдлаар хийх энэхүү авлигын эсрэг ажиллагаа, реформд нэгдэж, Засгийн газрыг дэмжиж ажиллахыг Улсын Их Хурлын эрхэм гишүүд Та бүхнээс хүсье гэх зэргээр улс орны болон нийслэлд тулгамдаж буй асуудлын талаар танилцууллаа. Тэрбээр цааш нь, Монгол Улсын Үндсэн хуулийн 39-р зүйлийн 4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Баттөмөрийн Энхбаярыг томилохоор танилцуулж байна. Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, эрхзүйн багц шинэчлэлүүдийг үргэлжлүүлэхэд төрийн албанд 23 жил ажиллаж, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд байсан, Хууль зүйн Байнгын хороог удирдсан мэргэжлийн болон улс төрийн туршлагыг нь харгалзан үзэв. Мөн мэргэжлийн Байнгын хорооны даргыг тухайн салбарын яаманд ажиллуулах сонгодог парламентын засаглалын мерит зарчмыг үндэслэл болголоо. Улсын Их Хурлын Хяналт шалгалтын тухай хуулийн хүрээнд анх удаа Хөгжлийн банкны асуудлыг хянан шалгах түр хорооны даргаар ажиллаж, гурван шатны нээлттэй сонсголыг зохион байгуулж, иргэдийн мэдэх эрхийг хангаж чадсан улс төрчийн эр зориг, тууштай байдлыг нь харгалзан үзлээ. Энэхүү туршлага нь нүүрсний хулгайн сонсголыг амжилттай зохион байгуулж, уул уурхайн системийн авлигыг илчлэх, цаашид ийм алдаа гаргахгүй байхад бодит хувь нэмэр оруулж чадна гэж итгэж байна. Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны даргын албан тушаалд Борхүүгийн Дэлгэрсайханыг томилохоор танилцуулж байна. Улсын Их Хуралд сонгогдон ажилласан улс төрийн туршлага, хувийн хэвшилд аж ахуй эрхэлж, авто зам, төмөр замын их бүтээн байгуулалтыг удирдаж байсан хувь хүнийх нь амьдралын туршлага, технократ хандлагыг нь харгалзан үзэж, энэхүү албан тушаалд томилуулахаар танилцуулж байна гэв. Ерөнхий сайдын танилцуулагатай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуув.
УИХ-ын гишүүн Г.Дамдинням, нийслэлийн тулгамдсан асуудал болох газрын наймаа, авлига хээл хахуулийг зогсоох талаар хэрхэн ажиллах, нүүрсний хулгайн сонсголыг өргөн хүрээнд зохион байгуулахад ямар санал байгаа талаар, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Монгол Улсын шүүхийн шийдвэргүй баривчилгаа 99 хувьтай байна гэж НҮБ-ын хүний эрхийн индэр дээрээс ярьж байна. Энэ асуудлыг яаж зогсоох вэ, бага насны хүүхдийн эрхийг зөрчсөн гэмт хэрэгтний ялыг хүндрүүлэхэд хэрхэн ажиллах, Хүүхэд хамгааллын тухай, Гэр бүлийн тухай хуулиудыг хэзээ хэлэлцэх вэ зэрэг асуултыг асуув. УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдад нэр дэвшигч Б.Энхбаяр, газрын хууль бус үйлдлийг шийдвэрлэхэд хууль эрх зүйн дэмжлэг чухал байгааг онцлоод хууль дунд шатандаа очоод замхардаг байдлыг зогсооход анхаарч ажиллах тухай хариулаад, улмаар төрийн байгууллагууд газраа зардаг байдлыг цэгцлэх чиглэлээр УИХ-д хуулийн төсөл өргөн барьсан. Хэлэлцэх эсэхийг дэмжсэн учраас энэ хууль батлагдвал олон асуудал цэгцэрнэ гэв. Хууль зүй дотоод хэргийн сайд Ц. Нямбаатар, яамны бодлогын асуудал учраас миний бие хариуцаж ажилласны хувьд хариулах ёстой гээд зарим асуултад хариулсан. Тэрбээр, ХЗДХ-ийн яамны сайдаар миний бие 3 жил 3 сарын хугацаанд ажилласан. Энэ хугацаанд 60 хуулийн төсөлд ажиллаж, 27 хуулийг УИХ-ын чуулганаар батлуулан хэрэгжүүлж байна. Хэлэлцүүлгийн шатанд 13 хууль явж байна. Дараагийн сайдад үлдсэн 20 хуулийг хүлээлгэн өгнө.
Хүний эрхийн үндэсний комиссын нэр бүхий гишүүд олон нийтэд төөрөгдөл учруулж байна. Хүний амь нас хөнөөсөн, эд зүйл хулгайлсан, хүчиндсэн гэмт этгээдийг цагдаагийн эрх бүхий ажилтан газар дээр нь таслан зогсоож, прокурорын байгууллагад мэдэгдээд 48 цагийн хугацаатай баривчилдаг. Гэтэл энэ үйлдлийг шүүхийн шийдвэргүйгээр баривчилж байна хэмээжээ. Гэр бүлийн тухай болон Хүүхэд хамгааллын хуулиуд удахгүй хэлэлцэгдэнэ гэв. УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, хүүхдийг хамгаалах тэр дундаа хүүхэд хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх тусгайлсан нэгж, тасаг байхгүй учраас энэ талд анхаарч ажиллахыг сануулаад гадаадад ажиллаж буй иргэдийнхээ эрх зүйн туслалцааг үзүүлэхэд анхаарч ажиллахыг хүссэн. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, хүүхэд хамгааллын асуудал хүчтэй сөхөгдөн яригдаж байна. Орон нутагт гэлтгүй гэмт хэрэгтэй тэмцэхэд камержуулах ажлыг дэмжиж ажиллах нь зүйтэй. Хүүхдийн эрхийн эсрэг гэмт хэргийн ялын бодлогыг чангатгах талд санал нэг байна. Шүүх шударга бус байна, албан тушаалтнуудад ээлтэй, ард түмэнд хатуу хандаж байна гэж яригдах боллоо. Энэчлэн хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой асуудалд мэдрэмжтэй, шийдвэртэй ажиллах талаар нэр дэвшигч Б.Энхбаярт хэлсэн байгаа гэв. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Н.Учрал, О.Цогтгэрэл, Д.Адьшаа нарын гишүүд нэр дэвшигчдэд хандаж, нийслэлийн тулгамдсан асуудал болон хууль, шүүхийн шударга бус байдалтай хийх тэмцэлд өөрчлөлт гаргахыг хүссэн. УИХ-ын гишүүд санал хэлж, асуулт асууж, хариулт авлаа. Түүний дараа ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, Монгол Улсын сайд, нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар нарыг тус тус албан тушаалаас нь чөлөөллөө.
Ингээд УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханыг Монгол Улсын сайд, нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны даргын албан тушаалд томилох Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн саналтай танилцаж дууссаны дараа шинээр томилогдсон сайд нар УИХ-д тангараг өргөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.