Чуулганы хуралдаанаар Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван төлбөрийн тэнцлийн талаар танилцуулав. Энэ оны эхнээс уул уурхайн түүхий эдийн экспортын төлөв тогтвортой хадгалагдаж, үүнээс улбаатай манай улсын төлбөрийн тэнцэл наймдугаар сарын байдлаар 551 сая ам.долларын ашигтай гарсан байна. Ийнхүү гадаад валютын албан нөөц есдүгээр сарын эцэст 4.1 тэрбум ам.долларт хүрсэн нь сүүлийн 22 сарын хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Хэдийгээр экспорт сайн байгаа ч эрдэс, бүтээгдэхүүний үнэ буурах хандлагатай байгаагийн зэрэгцээ төсвийн өндөр зардал нь импортыг өдөөж, валютын гарах урсгалыг бий болгож байгаа нь төлбөрийн тэнцлийн нөхцөлийг муутгах эрсдэл үүсгээд байгааг хэллээ. Нэн тэргүүнд улсын санхүүгийн нөөц, чадавхыг хамгаалахад онцгой анхаарсан хатуу төсөв, мөнгөний бодлогыг хэрэгжүүлж, аливаа хөгжлийн бодлого, төсөл, хөтөлбөрүүдийг гадаад эх үүсвэрт тулгуурлан дотоодын санхүүгийн чадавхтай нийцүүлэн хэрэгжүүлэх шаардлагатай байгаа гэлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Э.Батшугар “Ипотекийн зээл 2020 оноос 6 хувийн хүүтэй гарч эхэлсэн. 2013 оноос 8 хувийн хүүтэй олгож байсан. Тэгэхээр 2 хувийн зөрүү дээр тодорхой арга хэмжээ авах нь зүйтэй гэж бодож байна. Учир нь маш олон иргэн цаг хугацааны асуудлаас болоод бодлогын золиос болж байна. Энэ 2 хувийн зөрүүг нөхөхөд хэдэн төгрөг хэрэгтэй вэ. Үүн дээр Монголбанкны зүгээс ямар бодлого баримталж байна вэ” гэж асуув.
Түүний асуултад Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван 400 орчим тэрбум төгрөгийн нэмэлт эх үүсвэр шаардлагатай, бөгөөд энэ эх үүсвэрийг шийдвэл зөрүүг арилгах боломжтой гэж хариуллаа.