УИХ-ын гишүүн О. Номинчимэг өнөөдөр /2026.3.17/ Тамхины хяналтын тухай хуулийн талаар мэдээлэл хийв.
Тэрбээр “УИХ-ын 78 гишүүний санаачилгаар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. УИХ-ын хаврын чуулган нээсэнтэй холбогдуулан уг хуулийн төслийг яаралтай хэлэлцэн батлах шаардлагатай байна. Тус төслийг УИХ-ын 78 гишүүн 2025 оны есдүгээр сарын 19-ний өдөр өргөн барьж, 2025 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдрийн нэгдсэн чуулганаар хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн. Үүний дараа хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг байгуулж, уг ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ц.Идэрбат ахлан ажиллаж байгаа. Хуулийг батлах хэрэгцээ, шаардлага өндөр байгаа ч хэлэлцэн батлах үйл явц удаашралтай байна. УИХ-ын чуулганы завсарлагааны үеэр баруун аймгуудаар болон Улаанбаатар хотод ажиллах үеэр иргэдээс уг хуулийн явцын талаар байнга асууж байсан.
Монгол Улс нь тамхины хэрэглээгээрээ Ази, Номхон далайн бүс нутагтаа өндөр түвшинд ордог. Судалгаагаар насанд хүрсэн иргэдийн 28–29 хувь нь тамхи хэрэглэдэг. Мөн ахлах болон дунд ангийн сурагчдын дунд тамхины хэрэглээ нэмэгдэж, 13–17 насны дөрвөн хүүхэд тутмын нэг нь тамхи хэрэглэж байгаа гэсэн судалгаа бий.
Гэвч бодит байдал дээр энэ үзүүлэлт илүү өндөр байна. Хуулийн төслийн гол зорилго нь хүүхэд, залуучуудын эрүүл мэндийг хамгаалах юм. Тухайбал, Шинэ төрлийн тамхин бүтээгдэхүүнийг хуулийн зохицуулалтад хамруулах, Дотор орчинд тамхи татахыг хориглох, Тамхины бүтээгдэхүүний замбараагүй худалдааг таслан зогсоох, Насанд хүрээгүй хүүхдэд худалдахыг бүрэн хориглох, Бүх төрлийн тамхин бүтээгдэхүүнд ижил зохицуулалт хийх, Мөн янжуур тамхины үнэ хэт хямд байгааг эдийн засгийн арга хэрэгслээр зохицуулах гэх зохицуулалтуудыг оруулсан.
Сүүлийн жилүүдэд электрон тамхи ашиглан мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг тээвэрлэх, нуун далдлах тохиолдол дэлхий даяар нэмэгдэж байгаа талаар мэдээлэл байна. Эдгээр бүтээгдэхүүн нь хүүхэд, залуучуудын анхаарлыг татахуйц сав, баглаа боодолтойгоор худалдаалагдаж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна. Зарим тохиолдолд хэрэглэгчид электрон тамхийг зөвхөн никотин агуулсан бүтээгдэхүүн гэж андуурч, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис агуулсан бүтээгдэхүүн хэрэглэсэн тохиолдол ч гарсан. Цагдаагийн ерөнхий газрын мэдээлснээр мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг шингэн хэлбэрт шилжүүлэн нуун далдалсан 19 гэмт хэрэг бүртгэгдсэн. Энэ нь зөвхөн илрүүлсэн тохиолдлын тоо бөгөөд цаашид ч нэмэгдэх эрсдэлтэй. Иймд эцэг, эхчүүд хүүхдүүддээ тавих анхаарлаа нэмэгдүүлж, электрон тамхи зэрэг шинэ төрлийн бүтээгдэхүүний хэрэглээнд хяналт тавих шаардлагатай байна” гэв.
