Х.Отгончимэг: Охиныг минь эрж хайгаад өгөөч гэхэд Баян-Өлгий аймгийн цагдаа нар өрөөнөөсөө хөөгөөд
гаргаж байсан. Охиныг минь хөнөөгөөд цогцосыг нь жорлонд хаячихсан байсныг 2 сарын дараа олсон
Баян-Өлгий аймагт 2023.01.18-ны орой гэрээсээ гарсан 19 настай охин сураггүй алга болсон. Ээж нь Цагдаагийн байгууллагад хандсан ч “Танай охин хүнтэй суугаад явчихаа биз ” гэж хэлээд үл тоомсорлон, хөдөлж өгөөгүй байна. Ар гэрийнхэн нь өөрсдийн шугамаар эрж хайж, маш их сэтгэл санааны дарамтад орсон. Гэтэл хэрэг гарсан өдрөөс 2 сарын дараа буюу 2023.03.17-ны өглөө гэнэт “ Баян-Өлгий аймагт сураггүй алга болсон иргэнийг хөнөөж, цогцосыг нь шуудайд хийж жорлонд хаяжээ” гэх утгатай мэдээлэл сайтуудад гарсны дараа л охиноо бусдын гарт хөнөөгдсөн болохыг нь мэджээ.
Өнөөдрийг болтол энэ аймшигт хэрэг шүүхээр эцэслэн шийдэгдээгүй байна. Болсон үйл явдлын талаар талийгаачийн ээж Х.Отгончимэгтэй ярилцлаа.
Сур: Үрээ алдсан эх хүн ямар зовлон туулж явааг ойлгож байна. Юуны өмнө танд гүн эмгэнэл илэрхийлье. Анх юу болсон бэ ?
Х.Отгончимэг: Би Баян-Өлгий аймгийн төвд амьдардаг, гурван хүүхэдтэй эмэгтэй. Талийгаач миний бага охин. Бид хоёулахнаа амьдардаг байсан. Охин маань аймгийн төвд Супер маркетад ажилладаг. Гэрээсээ гардаггүй,зөвхөн гэр ажлын хооронд л явдаг охин байсан . 2023.01.18 ны орой 21 цагийн үед гэртээ байхад нь бидний танил Одмаа гэгч эмэгтэй Фэйсбүүк чатаар охиныг минь дуудаж бааранд аваачснаас энэ хэрэг үүдэлтэй.
Сур: Тухайн үед бааранд хэдүүлээ байсан бол?
А.Отгончимэг: Манай охиныг гэрээс нь дуудаж аваачсан Одмаа гэгч эмэгтэй , охин маань 2 найз охинтойгоо, огт танихгүй 2 эрэгтэй хүн байсан гэсэн. Нэг нь Цэнгэл суманд цагдаа байсан Баярсайхан,нөгөө нь тус суманд багийн засаг дарга асан Баясгалан гэх хүмүүс гэдгийг бид хожим мэдсэн. Баарнаас нэг их удалгүй гараад Одмаа гэгч эмэгтэй миний охиныг найз охидоос нь салгаж 2 эрэгтэйгийнхээ машинд суулгаад явуулсан. Түүнээс хойш миний охиныг барааг хэн ч хараагүй. Охиноо шөнөжин хүлээсэн би өглөө 7 цагт Одмаатай холбогдоход “Охиныг чинь хараагүй, үзээгүй” гэсэн. Ингээд өдрийн 16 цагт цагдаад мэдэгдсний дараа нөгөөх Одмаа “2 найзаараа гэрт нь хүргүүлсэн” гэж хэлсэн.
Сур: Цагдаа нар шуурхай арга хэмжээ авсан уу?
А.Отгончимэг: Үгүй. Охин маань алга болчихлоо гээд цагдаад хандахад: “ Танай охин хадамд гарсан байлгүй.Хүрээд ирнэ биз” хэмээн үл тоомсорлож, бүр инээлдэцгээж байсан. Хэрэв цагдаагийнхан тэр дороо хөдөлж, шуурхай арга хэмжээ авсан бол миний охин амьд үлдэх боломжтой байсан гэж би харамсдаг. Миний охины амь насаа алдсан хугацааг 1-р сарын 19-ны шөнийн 02 цаг гэж тогтоосон. Гэтэл охин 1-р сарын 18-ны орой гэрээсээ гарсан байдаг. Би өдөр бүр Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газарт очиж, эрж хайж өгөхийг гуйж, шаардаж байсан ч хөдөлж өгөөгүй. Аргаа бараад Онцгой байдал дуудья гэхэд минь “Улаанбаатараас зөвшөөрөл авдаг юм” гэж хэлээд бас л хөдлөөгүй. Тэр ч байтугай Ган-Уяал гэдэг байцаагч “охиноо өөрөө олж ав” гээд намайг өрөөнөөсөө хөөгөөд гаргаж байсан. Бүхэл бүтэн хүн алга болоод сандарч явахад Давлетхан байцаагч “Насанд хүрсэн хүн зөвлөлдөөд зохицсон байлгүй ” гэж хэлээд намайг өрөөнийхөө хаалгаар түлхэж гаргаж байсан. Цагдаа нарт учир байдлаа хэлэх нэг ч боломж надад олгоогүй. Би үнэхээр гомдолтой байна. Үрээ алдаж, нойр хоолноос гарсан би өдөр бүр цагдаагийн дарамтыг нэмж амссаар ЦЕГ, Улсын Ерөнхий прокурорын газарт өргөдөл, гомдол гаргасан ч надад хариу өгөөгүй. Хилийн ойролцоох Цагааннуур сумын хилийн боомт дээр хүртэл 2-3 удаа очиж, охиноо хайсан.Очих тоолондоо буудалд хонож байсан.
Сур: Охиноо амиа алдсныг анх яаж мэдсэн бэ?
Х.Отгончимэг: Бидэнд цагдаагаас огт мэдэгдээгүй. Гэнэт 2 сарын дараа буюу 3-р сарын 17-ны өглөө 8 цагийн үед Фэйсбүүк дээр “Баян-Өлгий аймагт сураггүй алга болсон иргэний амь насыг хохироож, цогцосыг нь нуусан байжээ. Охиныг хөнөөсөн этгээд нь 38 настай Ардабек ” гэх сайтуудын мэдээлэл гарахад л тэндээс охиноо амиа алджээ гэдгийг олж мэдсэн. Энэ мэдээллийг олж хараад цагдаа дээр ах дүү нартайгаа очиход цагдаагийнхан мөн л биднийг оруулахгүй байсан. Баян-Өлгий аймгийн Цагдаагийн дарга Ө.Танат, Орлогч Ганболд нарын өрөө цоожтой. Прокурор, дээд газраас зөвшөөрөл ав гэсээр арай гэж ахыг нь оруулж цогцосыг нь харуулсан.
Сур: Охин амиа алдсан, цогцос нь олдсон талаар та нарт яагаад эхэлж мэдэгдээгүй юм бол?
Х.Отгончимэг: Үүнд би их гайхаж, эргэлзэж байгаа. Цогцос жорлонгоос олдлоо гэж сайтуудад мэдээ гарахаас 2 хоногийн өмнө буюу 3-р сарын 15-нд цагдаа надаас байцаалт авч хохирогчоор тогтоосон. Энэ үеэр хотоос ирсэн Буянжаргал гэх байцаагч: “Охины биеийн байдал маш хэцүү байгаа шүү.” гэж хэлчихээд гараад явчихсан.
Сур: Цагдаагийн дарга нар энэ хэргийг ар гэрийнхэнээс нууцлах шалтгаан юу байсан бэ?
Х. Отгончимэг: Охин алга болсноос хойш 20-иод хонож байхад Баян-Өлгий аймгийн Цагдаагийн дарга Ө.Танатын төрсөн өдөр болж, цагдаагийнхан хөдөө амралтын газар тэмдэглэсэн байдаг. Тэр амралтын газар нь манай үеэл дүү ажилладаг юм. Энэ үеэр охин алга болсонтой холбогдуулан камерийн бичлэгүүдэд үзлэг хийх талаар сануулсан ажилтандаа Баян-Өлгий аймгийн Цагдаагийн дэд дарга Ганболд “Баар саваар л яваа биз. Тэрийг хайж яадаг юм бэ” гэж хэлсэн байгаа юм. Охиныг баарнаас авч, машиндаа суулгаад явсан Баярсайхан нь цагдаагийн ажилтан байсан учраас нэгийгээ хамгаалж байгаа юм байлгүй. “Думан” бааранд байсан хүмүүсийн мэдүүлгүүд хоорондоо зөрдөг. Тэднийг энэ хэрэгт хамааралгүй гэж үзсэн бололтой юм билээ. Хэрвээ Одмаа гэгч эмэгтэй миний охиныг анх гэрээс нь дуудаж бааранд аваачаагүй бол охин минь амь насаа алдахгүй байсан. Гэтэл энэ хүмүүс өнөөдөр зүгээр явж байна. Одмаа нь хүүхдийн байгууллага буюу сургуульд үйлчилэгчийн ажлаа хийгээд явж байна.
Сур: Охиныг хөнөөсөн гэгдэж буй Ардабек гэж хүнийг таних уу?
Х.Отгончимэг: Огт танихгүй. Тэр хүн л миний охиныг хөнөөгөөд шуудайнд хийж жорлонд хаясан гэж мэдүүлсэн юм билээ . Шүүх шинжилгээний дүгнэлттэй танилцах үеэр охины маань цогцосыг шуудайнд хийгээд гар утасны цэнэглэгчээр гурав эргүүлж боосон гэдэг зураг үзүүлж байсан. Хамгийн сонин нь миний охины цогцос жорлонд байгааг бидэнд мэдэгдээгүй.Үнэхээр жорлонд байсан бол түүнийг гаргахдаа ядаж бидэнд харуулж болно биз дээ. Гэтэл жорлонгоос гаргасан гэх нэг ч зураг бидэнд үзүүлээгүй. Цогцосыг хэзээ жорлонгоос гаргасан бэ? Гэж асуухаар шөнийн 2 цагт гэхээс өөр зүйл хэлдэггүй. Яг жорлонгоос олдсон уу ? гэдэгт эргэлзэж байгаа.
Сур: Цогцосыг жорлонд хаясныг тэгээд цагдаа нар яаж мэдсэн байх уу?
Х.Отгончимэг: Сэжигтэн Ардабек гэгч өөрөө хэргээ хүлээж, цогцосыг нь жорлонд хаясан гэдгээ хэлсэн гэсэн.
Сур: Шүүх шинжилгээний дүгнэлт юу гэж гарсан бэ?
Х.Отгочимэг: “Хурц мохой зүйлээр толгойд нь цохисноос цус харвалт үүсч нас барсан” гэж дүгнэсэн. Ардабек өөрөө 19-ны шөнийн 3 цагт хөнөөсөн гэж мэдүүлсэн. Бид охиныхоо цогцосыг гэрээс нь гаргахаар авчирах үед л харсан. Хүн харахын аргагүй аймшигтай болсон байсан. Зүүн гар нь бугуйгаараа хугарсан, хамар нь муруйсан. Бүх бие нь хөх няц болсон байсан. Гэтэл шүүх шинжилгээний дүгнэлт дээр охины гар хугарсан талаар юу ч бичээгүй байдаг. Дүгнэлтийг дутуу гаргасан гэж үзэж байгаа. ДНК-ийн шинжилгээгээр Ардабек охиныг минь хүчирхийлж, хүчиндсэн нь тогтоогдсон. Биенд нь хүнд гэмтэл учруулсан гэж хариу гарсан. Гэтэл прокурор шүүх эмнэлэгийн шинжилгээний дүгнэлтээр хүчиндэж, хүчирхийлэн хүнд гэмтэл учруулсан нь тогтоогдсон байхад дээрхи хоёр зүйл ангийг нь хасаад ганцхан амь насыг нь хөнөөсөн гэдэг зүйл ангиар л яллаж, шүүхэд шилжүүлсэн байна лээ.
Сур: Хэрэг нь одоо аль шатанд явж байгаа вэ?
Х.Отгончимэг: Хэргийн харьяалалыг Ховд аймгийн шүүх рүү шилжүүлсэн гэхээс өөр мэдээлэл бидэнд алга. 9-р сарын эхээр шүүхэд шилжээд сар гаруйн хугацаа өнгөрч байгаа ч өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байна. Хэрэг нь Баян-Өлгий, Ховдын хооронд л яваад байгаа. Шүүх хурал нь хаана болохыг мэдэхгүй байна.
Сур: Ярилцлага өгсөнд баярлалаа.
Зураг дээр: Охиныг хөнөөж,цогцосыг нь хаясан байсан жорлон.
Сэтгүүлч Б.Отгон