2026 оны хаврын ээлжит чуулганы /2026.04.30/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар таван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдаанаар Засгийн газраас 2025.05.16-ны өдөр өргөн мэдүүлсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ.

Чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эхлүүлж, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлттэй танилцсан тул /дэлгэрэнгүйг эндээс/ хуралдаан төслийн талаарх гишүүдийн асуулт, хариултаар үргэлжлсэн юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүн Б.Бейсен, Д.Энхтуяа, Л.Мөнхбаясгалан, С.Одонтуяа, М.Мандхай, Б.Батбаатар, Г.Хосбаяр, О.Саранчулуун, Х.Баасанжаргал нар асуулт асууж, санал хэлэв. Тухайлбал, гишүүн Б.Бейсен байгаль орчны үнэлгээ хийдэг 107 мэргэжлийн байгууллага буйг дурдаад 2023 онд шаардлага хангаагүй зарим байгууллагын үйл ажиллагаа явуулах эрхийг цуцалсан. Иймд байгаль орчны үнэлгээ хийдэг мэргэжлийн байгууллагын чадавхыг бэхжүүлэх болон улмаар нийгэм, эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ хийх асуудлыг төсөлд хэрхэн зохицуулсан талаар лавлав.

Ажлын хэсгийн ахлагч Б.Уянга, хуулийн төслийн 7.7-д нөлөөллийн үнэлгээний журам, үнэлгээ хийх төслийн ангиллыг Засгийн газар батална гээд үүнд байгаль орчны үнэлгээний нэмэлт тодотгол, нийгмийн нөлөөллийн болон эрүүл мэндийн үнэлгээтэй холбоотой зохицуулалтыг тусгасан гэж хариулав. Мөн тэрбээр мэргэжлийн үнэлгээний байгууллагууд үнэлгээ хийхдээ өндөр үнэ нэхдэг, үнийн тааз байхгүй байна гэх зэргээр үнэлгээтэй холбоотой асуудлыг ажлын хэсэг дээр олон талаас нь ярилцаад төслийн 4.4-т мэргэжлийн байгууллагын үнэлгээтэй холбоотой журмыг Засгийн газрын гишүүн батлахаар тусгасан гэв.

Харин гишүүн Д.Энхтуяа төслийн 7.14-т сум, дүүргийн Засаг дарга төсөл хэрэгжүүлэгчээс ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч, ажлын 10 хоногт багтаан хариу өгөх бөгөөд энэ хугацаанд шийдвэрлээгүй тохиолдолд хариу өгсөнд тооцно гэж тусгасныг хэрхэн ойлгож, оруулсан талаар лавлав.

Төслийн 7.14-т сум, дүүргийн Засаг дарга төсөл хэрэгжүүлэгчээс ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч, ажлын 10 хоногт багтаана гэсэн нь ажлын 14 хоног бөгөөд үүнийг ерөнхий үнэлгээ хийхэд тухайн нутгийн Засаг дарга нараас хариу авч байгаа байдал гэж ойлгох нь зүйтэй гэдгийг Б.Уянга гишүүн тодотгоод энэ нь төрийн байгууллагуудыг хариуцлагажуулахад чиглэсэн гэлээ. Мөн ерөнхий үнэлгээний дараа нарийвчилсан үнэлгээ хийж, энэ үеэр нөлөөллийн бүсийн иргэдтэйгээ нүүр тулж ажиллах зохицуулалтыг тусгасан хэмээв.

Ингээд ажлын хэсгээс төслийг байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, цар хүрээ, хүчин чадал, эрсдэлийг харгалзан гурван зэрэглэлд ангилж, байгаль орчин, нийгэмд үзүүлэх нөлөөллийг тус бүр тодорхойлох, сум, дүүргийн Засаг дарга төсөл хэрэгжүүлэгчээс ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч, ажлын 10 хоногт багтаан хариу өгөх хугацааг 15 хоног болгохтой холбоотой долоон саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Мөн ажлын хэсгээс гаргасан саналын дагуу төслийн 7.13, 7.6, 10.5 дахь хэсгийг гүйцээн боловсруулах чиглэлийг хуралдаан даргалагч өглөө.

Түүнчлэн гишүүн Р.Сэддоржоос гаргасан зарчмын зөрүүтэй дөрвөн саналаас хоёр нь дэмжигдэв. Иймд хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ.

Үргэлжлүүлэн Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Төрийн байгуулалтын байнгын хороо 2026.04.28-ны өдрийн хуралдаанаараа төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг гишүүн Л.Мөнхбаатар танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, чуулганы хуралдааны дэгийн тухай 39.10-т заасныг баримтлан төслийг хэлэлцсэнийг дурдаад хуулийн төслийг явуулах үед УИХ-ын гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул гишүүн Л.Мөнхбаатараас төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шатруу шилжүүлэх горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэдгийг онцолж байлаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүн Х.Тэмүүжин, Г.Ганбаатар нар үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа Байнгын хорооноос “Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шатруу шилжүүлэх горимын санал гаргасныг дэмжье” гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 58.7 хувь нь дэмжлээ. Хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

Дараа нь гишүүн Ж.Чинбүрэн нарын дөрвөн гишүүнээс 2025.03.31-ний өдөр өргөн мэдүүлсэн Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

Энэ талаарх Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны танилцуулгыг гишүүн Б.Баярбаатар танилцуулсан.

Байнгын хороо 2026.04.28-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу явуулсан бөгөөд УИХ-ын 2026.04.23-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас өгсөн гүйцээн боловсруулах чиглэлийн дагуу чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1 дэх заалтыг баримтлан зарчмын зөрүүтэй дөрвөн саналаар санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн гэдгийг Б.Баярбаатар гишүүн танилцуулгадаа онцолсон юм.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэлсэн. Тухайлбал, гишүүн С.Эрдэнэболд төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ төслийн үг хэллэг, найруулгыг эргэн хянаж, засах талаар хөндсөн бол гишүүн Б.Бейсен дэлхийн чиг хандлага эд эрхтэнг амьгүй донороос шилжлүүлэхийг чухалчлах болсныг тэмдэглээд хүүхдэд эд, эс эрхтэн шилжүүлэх асуудлыг тусгайд нь авч үзэн Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төврүү чиглүүлэхэд ямар бодлого барьж буйг тодруулж, хариулт авсан.

Эцэст нь хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй дөрвөн саналаар санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэн тул Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүллээ.