УИХ дахь АН-ын бүлгийн хурлаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Б. Энхбаярын өргөн барьсан “Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийн талаар танилцуулгыг сонслоо.
Б.Энхбаяр сайд Бага насны хүүхдийн эсрэг гэмт хэрэгт ногдуулж буй ялын бодлогыг чангатгах талаар, Хэргийн нууц задруулсан тохиолдолд ялыг чангатгах, мөн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодвол Зөрчлийн хуулиар шийтгэгддэг байсныг Эрүүгийн хуульд гэмт хэрэг болгон оруулж 1-5 жил хүртэл хорих ял ногдуулах зэрэг өөрчлөлтүүдийг хуулийн төсөлдөө тусгаж байгаа тухай мэдээллийг өгөв. АН-ын бүлгийн гишүүд хуулийн төслийг дэмжихээ илэрхийлж тухайлан тусгах шаардлагатай хэд хэдэн санал, санаачилга гаргалаа.
Мөн бүлгийн хурлаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хууль тогтоомжийн төслийн талаар УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан албаны хүмүүсийн хамт мэдээлэл өгчээ.
Бүлгийн хурлаар хэлэлцсэн асуудлын талаар О.Цогтгэрэл “Хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй гэмт хэргийн ялын бодлогыг чангатгах хуулийн төслийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр танилцуулсан. Мөн 2024 төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
25 жилийн хорих ял оноосноор хүүхдийн эсрэг гэмт хэргийг нуун дарагдуулах сэдэл гүнзгий төрнө. Нуун дарагдуулна гэдэг нь тухайн хүний амь насанд халдах зэргээр олон сөрөг үр дагавар гарна. Тэгэхээр хуулийн хариуцлагаас гадна бусад уян зөөлөн зохицуулалтыг яаж бий болгох вэ? гэдэг асуудлыг Хууль зүй, дотоод хэргийн сайдад тавьсан” хэмээв.
Түүнчлэн төсвийн тухайд “Ирэх оны төсөв 30 хувиар тэлж байгаа. Иргэдийн орлоготой харьцуулахад төрийнхний зарцуулах мөнгө яагаад ийм их хэмжээгээр өсөж байгаа юм бэ” гэдгийг хэллээ.