УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар 3 асуудал хэлэлцжээ. Тухайлбал,
  • Монгол Улс Франц улстай ураны асуудлаар хамтарч ажиллах гэрээний талаар мэдээлэл сонсч дэмжлээ.
  • Монгол Улсын 2024 оны төсвийн төслийг хэлэлцсэн
  • Хүүхэд, гэр бүлийг хамгаалах эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлыг хэлэлцэж, хуулийн төслүүдийг дэмжив.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Хүүхэд хамгааллын чиглэлд Б.Энхбаяр сайдын танилцуулсан хүүхэд хамгааллын чиглэлийн хуулиудыг дэмжиж, УИХ-аар яаралтай хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ” гэсэн юм.
ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр Эрүүгийн хуульд бага насны хүүхэд гэх ойлголтыг 14 нас гэж заасныг 16 нас болгож, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол гэмт хэрэгт тооцох өөрчлөлтийг өргөн барихаар болсноо мэдээллэв. Эрүүгийн хуульд
  • Бага насны хүүхдийг хүчиндэх, алах, бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн бэлгийн мөлжлөг, хүүхдийн эсрэг хүн худалдаалах гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 20 жил байгааг 30 жил болгох
  • Бага насны хүүхдийг алах, хүчиндэх, бага насны хүүхдийг эсрэг үйлдэгдсэн бэлгийн мөлжлөг, хүүхдийн эсрэг хүн худалдаалах гэмт хэрэгт өршөөл үзүүлэхгүй
  • Бага насны хүүхдийг алах, хүчиндэх, бага насны хүүхдийг эсрэг үйлдэгдсэн бэлгийн мөлжлөг, хүүхдийн эсрэг хүн худалдаалах гэмт хэрэг болон авлигын гэмт хэрэг үйлдсэн ялтныг хорих ялын хугацаанаас өмнө суллахгүй
  • Бага насны хүүхдийг алах, хүчиндэх гэмт хэрэгт оногдуулах хорих ялын дээд хэмжээ 20 жил байгааг 25 жил болгох
  • Бага насны хүүхэд гэдэг Эрүүгийн хуулийн ойлголт 14 нас байсныг 16 нас болгож нэмэгдүүлэх өөрчлөлтийг хуулийн төсөлд тусгажээ.

Ингэснээр Эрүүгийн хуульд байгаа 14-16 насны хүүхдийн эсрэг үйлдэгдэж байсан бүх гэмт хэргийн ялын бодлого чангарч байгаа. Тухайлбал 14-16 насны хүүхдийг алах гэмт хэрэгт 8-15 жилийн хорих ял оногдуулдаг байсан бол 12-25 жил болж, бүх насаар хорих ялтай болно.

14-16 насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэгт одоогийн Эрүүгийн хуулиар 5-12 жилийн ял оногдуулж байгаа бол 12-25 жилийн хорих болон бүх насаар хорих ял оногдуулна.

Бага насны хүүхдийн эрсэг үйлдсэн бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэрэгт 1-5 жилийн хорих ял үйлчилж байна. Харин шинэчилсэн хуулийн төсөлд 2-8 жилийн хугацаатай болгож, тэнсэхгүй.

14-16 насны хүүхдийн эсрэг бэлгийн мөлжлөг үйлдэх гэмт хэрэгт 2-8 жилийн хорих ял оноож байгаа. Тэгвэл үүнийг 12-20 жил болон бүх насаар нь хорих ял оноодог болно гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр онцоллоо.

Сангийн сайд Б.Жавхлан Монгол Улсын 2024 оны төсвийн онцлог нь төсвийн шинэчлэл хийсэн гэв.
Тэрбээр “Өнөөдөр 2024 оны төсвийг намынхаа бүлэгт танилцууллаа. Өнгөрсөн хаврын чуулганы сүүлийн өдрүүдэд долдугаар сарын 7-нд хэд хэдэн төсвийн хууль, дагасан хуулиудад өөрчлөлт оруулж чадсан. Тухайлбал, зураг төсөвгүй хөрөнгө оруулалт, шинэ төслүүдийг эхлүүлээд орхичихдог асуудлыг бүрэн таслан зогсоосон. Аудит төсөв дээр ид хийгдэж байна.Ирэх жилийн хөрөнгө оруулалтууд нарийн зохицуулалттай, тусгаж чадсан. Бид 21 хоногийн дотор 16 аймгаар явж, иргэдийн саналыг авч, зураг төсөл нь бэлэн болсон бүтээн байгуулалтыг төсөвт орууллаа. Шинэ хөрөнгө оруулалтууд багтаж байгаа. Ирэх жилийн шинэ төсөв хоёр, гурав хуваагдаад байгаа.

Жишээлбэл, Эрүүл мэндийн салбарт маш олон жил ярьсан, намын мөрийн хөтөлбөрт орсон Эс, эд, эрхтэн шилжүүлэх эмнэлгийг барууны стандартаар хоёр жил ТЭЗҮ-г бэлдэж, 140 тэрбум төгрөгийн өртөгтэй. Нийт 40 тэрбум төгрөгөөр эхлүүлж, гурван жилийн дараа төсөл амжилттай хэрэгжиж, үндэсний эмнэлэгтэй болно. Шинэлэг төсвийн шинэчлэлийг хийсэн. Мөн алдагдлын хувьд төсвийн тусгай шаардлагыг ханган ажиллаж байгаа. Бид 2020, 2021 онд 12.5 хувийн төсвийн алдагдал буюу 4.4 их наядын алдагдалтай байсан. Ирэх жилийн төсвийн алдагдал ДНБ-ий 2.8 хувь болж буурна. ДНБ өөрөө 60-74 рүү эдийн засаг тэлж байна. Гэхдээ тусгай шаардлагууд болох уур уурхайн бус эдийн засгийн өсөлт, сүүлийн 12 жилийн зардлын дундаж өсөлт, сүүлийн жилийн өсөлт гээд аль багаар нь буюу 22.5 хувь байгаа. Эрсдэлийн түвшинд бүрэн хангасан төсөв болж байгаа” гэлээ.