Намайг алчихаад Туулын хурдны замыг зогсоогоорой хэмээн хотын дарга асан Х.Нямбаатар мэдэгдсэн нь бий. Гэтэл түүний аминаас урьтаж орлогч Т.Даваадалайгийнх нь Туулын хурдны замын төслөөс хумсалсан нь илэрч, өнөөх бүтээн байгуулалт чөдөрлөгдөхөд хүрэв. Улсынхаа хөгжлөөс зорж, хөлжигсдөөс болж бүтээн байгуулалт гацах нь хэр зөв шийдэл вэ.
12 жилийн өмнө буюу Н.Алтанхуягийг Засгийн газар тэргүүлж байх үеэс Туулын хурдны замын төсөл дуншиж эхэлсэн. Харамсалтай нь Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг, Ж.Эрдэнэбат, У.Хүрэлсүх нарын тэргүүлсэн Засгийн газрууд төслийг бичиг цааснаас нь халиулаагүй байдаг.
Монгол Улсын хөгжил болсон төсөл хөтөлбөрүүд улстөрчдийн аазгайг хөдөлгөж, шуналыг даллах нь элбэг. Тиймдээ ч үр өгөөжтэй томоохон төслүүд гараанаас гарч чадалгүй олон жилийг үдэж, улстөрчдийн ор хөнжилтэй хутгалдаж, хойш тавигдсаар ирсэн нь түгээмэл.
Монгол Улсад хурдны зам хэрэгтэй юу.
Улсын баатар Э.Бат-Үүл “Улаанбаатар хотын түгжрэлийг цогцоор нь шийдэхийн тулд босоо болон хэвтээ тэнхлэгийн хурдны замууд зайлшгүй хэрэгтэй”, С.Амарсайхан “Хурдны зам барьснаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хурд нэмэгдэж, поошиг шиг зогсдог түгжрэл багасна”, Д.Сумъяабазар “Түгжрэлийг зөвхөн уулзвар өргөтгөх замаар шийдэж чадахгүй. Туул голын дагуу болон хотын тойрог хурдны замуудыг барьж байж л авто замын төвлөрлийг сааруулна”, Х.Нямбаатар “Туул голын дагуух түгжрэлийг бууруулах хурдны замын төсөл ус агаар шиг хэрэгтэй байна” хэмээн үе үеийн хотын удирдлагууд хэлж байв.
Дэлхийн ихэнх орон хурдны замтай. Харин Монголд бол анхных бөгөөд олон улсын 1А зэрэглэлд тооцогдож буй. Товчхондоо Улаанбаатар хотын баруун зүүн захыг холбох 6 эгнээ зам 32 км үргэлжилнэ. Налайхын замын Улиастайн уулзвараас эхэлж, Туул голын хойд далан дагуу явсаар Дархан-Эмээлтийн замын уулзварт хүрч төгсөх зураг төсөлтэй. Төслийг ганц тууш зам байх мэтээр туйлширч ойлгох нь бий. Тэгвэл 29 метр өргөнтэй 22.13 км авто замаас гадна 22.5 метр өргөнтэй 9.9 км урттай гүүр, замын суурь, олон талын огтлолцлууд, туслах замууд, үерийн хамгаалалтын далан, ус зайлуулах шуудуу, байгаль орчны болон биологийн нөхөн сэргээлт, арчилгаа зэрэг олон ажил багтсан.
Иргэд хурдны замын төслийг бус Туулын бургасыг хядаж, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх вий гэх болгоомжлол дээр эсэргүүцэл үзүүлдэг. Төслийн трасс нь Туул голын урсгал дагуу төлөвлөгдсөн. “Туул голын ирмэгээр хурдны замын трасс дайран өнгөрөх бөгөөд усны төв дээд эх үүсвэрт нөлөөлөхгүй, газрын доорх усны нөөцийг хөндөхгүй. Туулын хурдны замыг барьснаар Туул голын ус ширгэхгүй” хэмээн усны инженер, доктор Ш.Баранчулуун онцолдог.
Улаанбаатар хотын ундны усыг дунджаар 70-150 метрийн гүнээс татан авч ашигладаг. Тэгвэл хурдны замын гүүрэн хэсгийн баганууд усан доор 20-30 метр гүнээс хэтрэхгүй тул гүний усны хэмжээ, чанар, голдиролд нөлөөлөхгүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт бий.
Мөн үер болбол өнөөх хэдэн тэрбумын өртөгтэй бүтээн байгуулалт урсах уу гэх асуулт. Туулын замтай үерийн даланг зарим газар нь сэргээж, шинээр барьж нийт 19 км даланг шинэчлэхээр тусгажээ. Ингэснээр Туул голын орчим дахь айл өрх, байгууллагыг үерийн эрсдэлээс хамгаалах боломжтой гэж үзсэн байна. Харин хурдны замыг үерийн далангаас 1.4 метрийн өндөрт барих аж. Ийнхүү Туулын хурдны замын төсөл нь өнөөг хүртэл 30 байгууллагын судалгаа, 4 удаагийн УИХ-ын тогтоол, 5 удаагийн Засгийн газрын тогтоолд үндэслэж, айгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланд үндэслэн 2025 оноос хэрэгжүүлэхээр болсон нь энэ.
Нийслэлийн автозамын даац хэтэрсэн. 1170 км зам дээр 650 мянган машин байгаа нь автозамынхаа багтаамжаас 3.5 дахин хэтэрсэн үзүүлэлт. Өнгөрсөн жил гэхэд импортлосон автомашины тоо 1.8 дахин өссөн Үндэсний статистикийн хорооны мэдээлэл бий. Мөн Монгол Улс импортоор нефтийн бүтээгдэхүүн хамгийн их авсан бол хоёрдугаарт суудлын автомашины импортыг нэрлэжээ. Суудлын автомашины импорт 2023 онд 53.257 байсан бол 2024 онд 93.618 болж өссөн. Импорт цаашид өснө үү гэхээс буурахгүй. Тэр хэрээр авто замын даац нэмэгдэж, түгжрэл ихсэх нь маргашгүй үнэн.
Туулын хурдны замын төслийг хэрэгжүүлсэнээр автозамын түгжрэлийг 30 хувиар бууруулна хэмээн тооцоолол гаргаад буй. Өнөөдөр Улаанбаатарын төв хэсгээр дамжин зүүнээс баруун тийш явах бүх урсгал нэг дор бөөгнөрдөг. Хэрэв Туулын хурдны зам ашиглалтад орвол хотын өмнөд талаар шууд нэвтрэх боломжтой болно. Ингэснээр Энхтайваны өргөн чөлөөний ачаалал багасна. Яармаг-Налайх, Яармаг-Амгалан чиглэлийн хөдөлгөөн хурдан болно. Ажил, сургууль руу зорчих хугацаа богиносно.
Цаг хугацаа бол эдийн засгийн ашиг. Замын түгжрэлд өдөр бүр олон мянган хүн 1-2 цаг алддаг. Албан ёсны судалгаагаар түгжрэлээс үүдэлтэй боломжийн алдагдлын өртөг жилд 2.7 их наяд төгрөгөөр хэмжигддэг. Нийслэлийн иргэд өдөрт дунджаар 2.5 цагийг зам дээр буюу түгжрэлд өнгөрөөдөг. Энэ нь жилд дунджаар 35–45 хоног буюу бүтэн сар гаруй хугацааг зөвхөн түгжрэлд зарцуулж байна гэсэн үг.
Түгжрэлд зарцуулах хөрөнгө оруулалт нэмэгдсэн ч үр дүн бага. Нийслэлийн төсвөөс жил бүр 420 тэрбум төгрөгийг түгжрэлийг бууруулахад зарцуулсан ч үр дүн гараагүй гэхэд хилсдэхгүй. Өөрөөр хэлбэл, аргацаасан шийдлээс далайцтай бүтээн байгуулалт үгүйлэгдэж буй. Ингэснээр автозамын ачааллаас гадна бүтээмж өсөх, шатахуун бага зарцуулах, бизнесийн зардал буурах олон давуу тал бий болно.
Дэлхийн олон хотод хурдны зам дагаж шинэ бизнесийн бүс, орон сууцны хороолол, худалдаа үйлчилгээ хөгждөг. Монголчуудын зам дагаж хөгжил гэдэгчлэн. Туулын хурдны зам ч мөн адил Яармаг, Нисэх, Шинэ Зуунмодын чиглэлийн хөгжлийг түргэсгэх боломжтой.
Улаанбаатарын автомашины тоо жил бүр өссөөр байна. Хэрэв өнөөдөр шинэ том дэд бүтэц барихгүй бол 5-10 жилийн дараа түгжрэл илүү хүндэрнэ. Дараа нь барих өртөг хэд дахин өснө гэх тооцооллыг ч орхигдуулж болохгүй.
Ихэнх том дэд бүтцийн төслүүдэд хамгийн түрүүнд өсдөг зүйл нь газрын үнэ байдаг. Туулын хурдны замын дагуух Яармаг, Нисэх, Буянт-Ухаа, Шинэ Зуунмод чиглэл орчмын газар, үл хөдлөх хөрөнгийн үнэ өсөх магадлалтай. Төслийн нийт өртөг их наядаар хэмжигдэх тул зам барилгын компаниуд, материал нийлүүлэгчид, техник түрээсийн компаниудын ашиг орлого ч нэмэгдэх боломж бий.
Мэдээж төслийн өртөг өсөхөөс эхлээд эрсдэл гарахыг үгүйсгэхгүй. Харамч хүн хамгийн их зарлага гаргадаг гэгчээр өнөөдрийн өөхөө бодож, маргаашийн уушгийг үл тоох нь авлигачдад боломж олгож, хэсэгхэн хүн хөлжих үүдийг нээхээс цаашгүй.
