Монгол Улсын Хөдөө аж ахуйн их сургуульд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Технологийн их сургууль (Inner Mongolia university of technology)-ийн төлөөлөгчид 2026 оны 06 дугаар сарын 12-нд зочилж, хоёр их сургуулийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр уулзалт хийв.
Уулзалтад ХААИС-ийг төлөөлөн ректор Б.Баасансүх, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал И.Баярбат, Инженер, технологийн сургуулийн захирал Л.Лхагвасүрэн, багш, дэд профессор М.Довчинванчиг нар оролцов.
Харин ӨМӨЗО-ны Технологийн их сургуулийг төлөөлөн Олон улсын боловсролын сургуулийн декан, Олон улсын хамтын ажиллагаа, солилцооны албаны дарга Бай Нандин, Олон улсын оюутны асуудал хариуцсан албаны дарга Ли Яньжян Сургалтын албаны дарга Ли Ган, Ухаалаг шинжлэх ухаан, технологийн сургуулийн дэд декан Ван Ёншэн нар байлаа.
ХААИС болон ӨМӨЗО-ны Технологийн их сургууль нь 2024 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хамтын ажиллагааны гэрээ байгуулсан бөгөөд түүнээс хойш хоёр их сургууль богино хугацааны сургалтын хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж, 2025 онд 80 оюутан, 2026 онд 115 оюутан болон багш нар тус их сургуульд сургалтад хамрагдсан байна.
Мөн ХААИС-ийн ректор болон бүрэлдэхүүн сургуулийн захирлууд 2026 оны 03 дугаар сард ӨМӨЗО-ны Технологийн их сургуульд албан ёсны айлчлал хийж, хамтын ажиллагааны цаашдын чиглэлийг тодорхойлсон билээ.
Энэ удаагийн уулзалтаар ӨМӨЗО-ны Технологийн их сургууль 2026 оноос эхлэн ректорын нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд уг хөтөлбөрийн хүрээнд англи хэлээр суралцах боломжтой талаар танилцууллаа.
Түүнчлэн талууд:
– Хамтарсан эрдэм шинжилгээ, судалгааны төсөл хэрэгжүүлэх
– Сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүн хамтран боловсруулах
– Механик инженер
– Барилгын инженер
– Цахилгааны инженерийн чиглэлээр хамтарсан сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх
– Багш, оюутны солилцоог өргөжүүлэх асуудлаар санал солилцож, цаашид хамтын ажиллагаагаа шинэ түвшинд гаргахаар тохиролцов.
ӨМӨЗО-ны Технологийн их сургууль нь 1951 онд байгуулагдсан, 2.300 гаруй багш, ажилтан, 29.500 орчим оюутантай, бакалаврын түвшний 66 хөтөлбөрөөр мэргэжилтэн бэлтгэдэг БНХАУ-ын инженер, технологийн чиглэлийн тэргүүлэх их сургуулиудын нэг юм.
Энэхүү айлчлал нь хоёр их сургуулийн хамтын ажиллагааг улам бэхжүүлж, инженер, технологи, инновацын чиглэлээр хамтарсан сургалт, судалгааны шинэ боломжуудыг нээхэд чухал ач холбогдолтой боллоо.