Монгол Улсын Хөдөө аж ахуйн их сургуульд ӨМӨЗО-ны Санхүү, эдийн засгийн их сургуулийн төлөөлөгчид 2026 оны 06 дугаар сарын 10-ны өдөр айлчилж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Өвөр ӨМӨЗО-ны Санхүү, эдийн засгийн их сургуулийн профессор Эрдэнэтогтох, Бизнесийн удирдлагын сургуулийн багш Ван Гуан, Магистрын сургалтын албаны захирал Ван Шан болон бусад багш, судлаачид багтав.
Уулзалтад ХААИС-ийг төлөөлөн Хөгжлийн бодлого, цахим шилжилт эрхэлсэн проректор Ж.Мөнгөн, сургалт эрхэлсэн проректор А.Буянбаатар, Эдийн засаг, бизнесийн сургуулийн захирал Т.Эрдэнэчулуун болон холбогдох нэгжийн төлөөлөл оролцлоо.
ӨМӨЗО-ны Санхүү, эдийн засгийн их сургууль нь бакалаврын 55, магистрын 23 хөтөлбөр хэрэгжүүлдэг бөгөөд нийт 1,500 гаруй багш, ажилтантай. Тус сургуулийн 600 орчим багш, судлаач докторын зэрэгтэй бөгөөд сургалт, судалгааны чиглэлээр бүс нутгийн нэр хүндтэй их сургуулиудын нэг юм.
Хоёр их сургууль 2011 оноос эхлэн хамтарсан судалгаа, багш, оюутан солилцоо болон бусад чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж ирсэн бөгөөд цар тахлын улмаас түр хугацаанд саатсан хамтын ажиллагаагаа сэргээж, цаашид өргөжүүлэн хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа талууд уулзалтын үеэр илэрхийллээ.
Уулзалтаар ӨМӨЗО-ны Санхүү, эдийн засгийн их сургуулийн төлөөлөгчид ХААИС-ийн хэрэгжүүлж буй AgriMBA хөтөлбөрийг өндрөөр үнэлж, тус хөтөлбөрт оюутан суралцуулах сонирхолтой байгаагаа мэдэгдэв.
Мөн ХААИС-ийн зүгээс бэлчээрийн менежмент, мал аж ахуйн тогтвортой хөгжил, тэр дундаа ӨМӨЗО-д өргөн хэрэглэгдэж буй хашаалсан мал аж ахуйн системийн давуу болон сул тал, уг туршлагыг Монгол Улсын нөхцөлд нутагшуулах боломжийг хамтран судлах санал дэвшүүллээ.
Талууд цаашид эдгээр чиглэлээр хамтарсан судалгаа хэрэгжүүлэх, багш, судлаачдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тодорхой үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан урт хугацааны түншлэлийг хөгжүүлэх талаар санал нэгдэв.
Энэхүү уулзалт нь хоёр их сургуулийн олон жилийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, сургалт, судалгаа, инновацын чиглэлээр харилцан үр өгөөжтэй хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал алхам боллоо.