Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2026.06.17/ хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцлээ.

Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн О.Номинчимэг нарын 72 гишүүнээс 2025.09.19-ний өдөр өргөн мэдүүлсэн Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татварын тэмдгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ тогтоох тухай тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу Байнгын хороо хуулийн төслүүдийг зүйл бүрээр хэлэлцэв.

Гишүүд хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ Онцгой албан татварын тухай хуульд архины градус, үнэ, машины моторын багтаамжаас нь хамаарч татвар авах, хэмжих нэгж нь маш тодорхой байдгийг дурдлаа. Харин хуулийн төсөлд тусгасан электрон тамхинаас татвар авахад никитон болон бусад хорт бодисыг хэмжих нэгж тодорхойгүй, улмаар электрон тамхин бүтээгдэхүүний татвар авах хэмжээг  уламжлалт тамхитай харьцуулж хэрхэн тооцсоныг, тамхины дагалдах төхөөрөмж хэрэгсэлд мөн татвар ногдуулахаар тусгасан шалтгааныг илүүтэй тодруулж байв.

Онцгой албан татварын тухай хуулийн төсөлд тамхин бүтээгдэхүүний биет нэгжид тооцох хэмжээг электрон тамхийг янжууртай дүйцүүлэн тооцсон. Өөрөөр хэлбэл, электрон тамхины шингэнд ногдох хэмжих нэгж нь 1мл байгаа. 2 мл шингэн нэг хайрцаг янжууртай дүйцүүлэх хэмжээгээр тооцож тусгасан. Бусад улс оронд ч ийм хэмжээсээр татвараа авдаг гэсэн тайлбарыг ажлын хэсгээс өглөө.

Харин гишүүн О.Номинчимэг энэ хуулийн төслөөр ямар ч зохицуулалтгүй байгаа электрон тамхины стандарт, хэрэглээ, татвар гээд бүхий л асуудлыг судалж тусгасан. Хуулийн төсөлд никитоны агууламжийг тодорхой тусгасан. Европын холбооны улсад дагаж байгаа электрон тамхины шингэний хэмжээ түүн дотор агуулах никотины дээд хэмжээний стандартыг оруулсан. Тодруулбал, төслийн 6.2-т никитоны агууламжийн талаар тодорхой тусгасан гэх нэмэлт тайлбарыг хийсэн. Мөн тэрбээр тамхины дагалдах хэрэгсэл байхгүй бол тамхин бүтээгдэхүүнийг татах боломжгүй тул үүнийг салшгүй нэг хэсэг гэж үздэг. Үүнд Зөвшөөрлийн тухай  хууль зөрчсөн асуудал  байхгүй тул одоо үйлчилж буй хуулийн хүрээнд асуудлыг тусгасан хэмээн хариулж байлаа.

Гишүүдээс төслүүдийн талаар зарчмын зөрүүтэй санал гараагүй тул хуулийн төслүүдийг зүйл бүрээр хэлэлцэж, анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг гишүүн П.Ганзориг Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.

Татварын багц хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж эхэллээ

Мөн өдрийн хуралдаанаар Засгийн газраас 2026.05.07-ны өдөр өргөн мэдүүлсэн Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн.

УИХ-ын хэлэлцүүлгийн шатанд байгаа татварын хуулийн төслүүдийг Байнгын хорооны эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг  ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг хийлээ.

Тэрбээр танилцуулгадаа, чуулганы нэгдсэн хуралдаанаар төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үеэр хуралдаан даргалагчаас төслийн зарим хэсэг, заалтыг гүйцээн боловсруулж, холбогдох зүйл, хэсэг, заалттай уялдуулах чиглэлийн дагуу УИХ-ын даргын 2026 оны 248 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг 2026.06.16, 17-ны өдөр хуралдаж, асуудлуудыг нэг бүрчлэн хэлэлцэн, чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан журмын дагуу бэлтгэн томьёолсныг дурдаад дараах саналыг танилцуулав.

Тухайлбал, чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-д заасны дагуу хураалгах саналын хувьд, Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ) суутган төлөгчөөр бүртгүүлэх босго нь татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн хэрэгсэл бус, татварын тогтолцоог үр ашигтай хэрэгжүүлэх захиргааны зохицуулалт байх бөгөөд олон улсын зарчим нь тодорхой бүлэгт татварын давуу байдал олгох бус, харин татварыг бодитой, үр ашигтай, хэрэгжих боломжтой байхаар зохицуулдаг байна. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд зохион байгуулсан олон нийтийн хэлэлцүүлгээс НӨАТ-тай холбоотой 86 мянган санал ирүүлснээс НӨАТ суутган төлөгчтэй холбоотой 14 мянга орчим санал ирсэн байх бөгөөд босгыг нэмэгдүүлэхийг эсэргүүцсэн, бүх нийтээрээ шударга, тэгш татвар төлдөг байх санал дийлэнх хувийг эзэлж байна. Мөн 2019 оноос хойш татварын систем эрчимтэй цахимжиж, тайлагнал, төлөлттэй холбоотой зардал буурсан үзүүлэлттэй байна. Ажлын хэсэг олон улсын зарчмын хүрээнд татвар төлөгчдөөс ирүүлсэн саналыг харгалзан НӨАТ-ын тогтолцоо, хамрагдалтаа хамгаалах үүднээс НӨАТ суутган төлөгчөөр бүртгүүлэх босгыг хэвээр үлдээх саналыг гаргасан гэж байлаа.

Мөн чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-т заасны дагуу хураалгах саналын тухайд нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр дэмжигдсэн саналыг хууль зүйн нэр томьёоны хувьд ойлгомжтой, хоёрдмол утгагүй, нэг мөр ойлгох агуулгаар болон хууль зүйн техникийн дагуу дахин томьёолсон гэж байлаа.

Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Иймд төслийн эцсийн хэлэлцүүлэг явуулсан талаарх Байнгын хорооны танилцуулгыг гишүүн Б.Мөнхсоёл чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Үргэлжлүүлэн Засгийн газраас 2026.05.07-ны өдөр өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй тул төслийн талаарх зарчмын зөрүүтэй нэг саналаар санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 52.4 хувь нь дэмжсэн. Энэ талаарх Байнгын хорооны танилцуулгыг гишүүн Д.Энхтүвшин чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Хуралдаан Засгийн газраас 2026.05.07-ны өдөр өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн.

Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан гишүүн М.Бадамсүрэн Байнгын хороогоор өмнө нь энэ асуудлыг хэлэлцээд дэмжсэн гэж ойлгосон атал, дахин санал хураалгаж буй шалтгааныг лавлав. УИХ-ын гишүүн Х.Ганхуяг “Чуулганы нэгдсэн хуралдааны үеэр асуудлыг гүйцээн боловсруулах чиглэл авч ажлын хэсэг асуудлыг тал талаас нь ярилцсан. Нэгдүгээрт иргэд, татвар төлөгчдийнх олонх бүх нийтээрээ жигд татвар төлдөг болох, эсвэл бүгд татвар төлөхөө болих гэдэг санал өгсөн. Хоёрдугаарт өнөөдрийн байдлаар НӨАТ суутган төлөгч 69 мянган аж ахуйн нэгж байгаа. 400 сая төгрөгийн босго тавьчихаар 34 хувь буюу 23 мянга нь НӨАТ төлөгч байхаа болино гэсэн үг. Өөрөөр хэлбэл, зах зээлд НӨАТ-тай, НӨАТ-гүй бараа нийлүүлэгдэх тул энэ асуудлыг аж ахуйн нэгжүүдээр дахин хэлэлцүүлсэн гээд эргээд 50 сая төгрөгийн босготой байх нь зүйтэй юм байна гэж ажлын хэсэг үзсэн” хэмээн хариулав.

Ингээд чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31.5-д “Энэ хуулийн 31.1, 31.2, 31.4-т заасан этгээд төслийн хэлэлцүүлгийн бүх үе шатанд оролцох үүрэгтэй ба хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд оролцоогүй бол тухайн асуудлын хэлэлцүүлгийг дараагийн хуралдаан хүртэл хойшлуулна” гэж заасны дагуу төслүүдийн хэлэлцүүлгийг хойшлуулж, маргаашийн Байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэхээр болов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах газраас мэдээлэв.