Чуулганы өнөөдрийн (2026.06.18) нэгдсэн хуралдааны эхэнд УИХ-ын дарга С.Бямбацогт хууль тогтоох үйл ажиллагааны ил тод, нээлттэй, хүртээмжтэй байдлыг хангах хүрээнд нэгдсэн хуралдаанд ирсэн гишүүдийн ирцийг бүртгүүлсэн цаг, минутын дарааллаар танхим дахь дэлгэцээр гаргадаг болсон талаар мэдээллээ. “Ийм байдлаар нэгдсэн хуралдаанд хэн, хэдэн цагт ирсэн, хэн ирээгүй байгаа, хэн өвчтэй, чөлөөтэй, гадаад, дотоод томилолттой байгааг ил тод мэдэж болно. Мөн ирцэд бүртгүүлсэн ч санал хураалтад оролцсон, оролцоогүй талаарх мэдээллийг олон нийт, гишүүдэд нээлттэй, ил тод байдлаар харуулдаг болж байгаа” хэмээн танилцууллаа.

Дараа нь УИХ-ын дарга өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг холбогдох Байнгын хороонд хуваарилсныг танилцуулсан. Тодруулбал, энэ сарын 11-ний өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг Эдийн засгийн байнгын хороонд хуваарилсан гэв.

Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороонд, энэ сарын 17-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг Төсвийн байнгын хороонд хуваарилжээ.

Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгээр нэгдсэн хуралдаан үргэлжиллээ. Засгийн газрын 2026.05.07-ны өдөр өргөн мэдүүлсэн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төсвийн байнгын хорооны танилцуулгыг гишүүн Б.Мөнхсоёл танилцуулав.

Татварын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын 2026.06.12-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар явуулж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн. Байнгын хороо энэ сарын 17-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу явуулжээ. Төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулах үед гишүүд асуулт асууж, тодруулга хийх шаардлагагүй хэмээн үзсэн байна. Нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг хуулийн төсөлд нэмж тусган, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн байна.

Шударгаар бизнес хийгээд, эрсдэл үүрээд, эдийн засгийн эргэлтэд хувь нэмрээ оруулдаг бизнес эрхлэгчдийг татвар тэргүүтэй асуудлаар эрүүжүүлээд, санкцтай болгон яллагдагч, ялтан болгох ёсгүй гэдэг байр суурийг С.Эрдэнэболд гишүүн илэрхийлсэн. Татвар төлөхөөс зайлсхийх, нуун дарагдуулах, мөнгө угаах зэрэг асуудлыг олон улсын жишигт нийцсэн түвшинд зохицуулсан эсэхийг тодруулсан асуултад “ЭЗХАХБ болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ)-ийн хамтарсан “Хил хязгааргүй татварын байцаагчид” санаачилгад Монгол Улс нэгдсэн. Энэ хүрээнд манай улсад үйл ажиллагаа явуулж буй олон улсын компаниудын тайланг хүлээн авч, нөгөө талд хүргүүлэх зэргээр солилцох боломж бүрдэж байгаа. 2028 оноос хэрэгжиж эхлэх мөнгө угаах, татвар шилжүүлэх асуудлуудад хяналт тавих боломж бүрдэнэ” гэдэг хариултыг Х.Ганхуяг гишүүн өгөв. Бизнесийн эрх чөлөөний тухай болон татварт багц хуулийн төслүүдийн үзэл баримтлал нийцэж буй эсэхийг тодруулахад Х.Ганхуяг гишүүн “Төрийн бүтцийг цомхон, зөвшөөрлийн тоог багасгах замаар төрийн оролцоог багасгах зэрэг нь  Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн үзэл баримтлалын дагуу буюу бизнесийн эрх чөлөөг олгох зорилготой” хэмээн хариулсан.

Эцсийн хэлэлцүүлгийг нь хийж буй энэхүү төслөөр аж ахуйн нэгжүүдэд нэн тустай зохицуулалт орсныг Д.Энхтүвшин гишүүн онцолсон. Татвар төлөх нь Үндсэн хуулиар, үл маргах журмаар хүлээсэн үүрэг гэдгийг тэрбээр тодотгоод “Гэхдээ бизнесийн үйл ажиллагааны явцад татварын өрүүд үүсдэг. Энэ тохиолдолд татварын байгууллага үл маргах журмаар татварын өрийг барагдуулахаар дансыг нь хаадаг байсныг өөрчилж, дансанд орж ирсэн орлогын 70 хувийг татварын өрөнд суутгаж, 30 хувийг үйл ажиллагаандаа зарцуулах боломж олгож байгаа. Төслийн ихэнх заалт 2027.01.01-ний өдрөөс хэрэгжих ч үл маргах журмаар татварын өрийг 70/30 хэмжээтэйгээр суутган барагдуулах зохицуулалт нь хуулийн төсөл батлагдсан өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөнө” гэв. Иймд татварын байгууллагууд хуулийн хэрэгжилтийг хангаж, аж ахуйн нэгжүүдэдээ дэмжлэг үзүүлэх хүрээнд анхаарч ажиллахыг хүссэн.

А.Ариунзаяа гишүүний тодруулсны дагуу Х.Ганхуяг гишүүн төсөл дэх зохицуулалтуудын талаар товч мэдээлэл өгсөн юм. Ирэх 2027, 2028 онд эдийн засгийн өсөлт 0.7 пунктээр нэмэгдэх тооцоолол байгаа ба энэ тохиолдолд өрхийн орлого 3 хувиар нэмэгдэх юм байна. Татварын багц хуулийн төслийн хүрээнд хувь хүний орлогын албан татварт хоёр шатлал нэмэх бөгөөд 0-792 мянга хүртэлх төгрөгийн орлогод хувь хүний орлогын албан татвар ногдуулахгүй.  Энэ заалт 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ. 792000-2000000 төгрөгийн орлогод нэг хувийн хувь хүний орлогын албан татвар ногдуулах бөгөөд энэ заалт 2028 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжих юм. Энэ зохицуулалтууд зөвхөн 2000000 сая төгрөг хүртэлх орлоготой иргэнд үйлчилнэ гэж зарим нь ташаа ойлгоод байна билээ. Цалин авч буй бүх хүний авч буй цалин дээрх зохицуулалтад хамрагдаж, 2000000 төгрөгийн орлогод ногдуулсан нэг хувийн татвар авсан зөрүүгээр гар дээр очих цалин нь нэмэгдэнэ гэсэн үг. Харин 2000000 сая төгрөгөөс илүү орлого өөр шатлалын хувь хүний орлогын албан татвар ногдуулна. Мөн тусгай хамгаалалттай бүс нутгаас бусад байршил дахь орон сууцаа худалдвал 2 хувийн татвараас чөлөөлөгдөнө.

Аж ахуйн нэгжийн орлогыг албан татвар дээр 15 хувийн шатлал гэдэг зохицуулалтыг тусгасан. Уул, уурхайн бус компаниудын орлогыг хамгаалах зорилгоор 10 хувиас шууд 25 хувь руу өсдөг байсан шатлалын дунд 15 хувийн шатлалыг нэмж байна. Мөн спортын тодорхой төрлийг татварын хөнгөлөлтөөр дэмжих зохцуулалт туссан гэв. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан гармагц татварын өр үүсдэг байсныг өөрчилж, тухайн компанийн үйл ажиллагаанаас нь хамаараад үнэлгээ хийсний дагуу хоёр хүртэлх сараар хойшлуулах юм байна. Татварын өртэй компанийн дансыг хаадаг байсныг өөрчилж, орлогын 70 хувийг татварын өрд сутуган, үлдсэн 30 хувийг тухайн компани үйл ажиллагаандаа зарцуулах нөхцөлийг бүрдүүлж байна.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү төслүүдийн хүрээнд 2.5 их наяд төгрөгийн татварын ачаа дарамтыг ард иргэд, аж ахуйн нэгжүүдийн нуруунаас хөнгөлж чөлөөлөх болно гэдгийг П.Ганзориг гишүүн цохон хэлсэн. Үүний дунд ажил хөдөлмөр эрхэлж, цалин авч байгаа 1050000 мянган хүний цалин орлогод үзүүлж буй хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт нь өрхийн орлогын бодит дэмжлэг болно гэдгийг тэмдэглэв.

Татварын харилцаанд хиймэл оюун ухааны ашиглалттай холбоотой зохицуулалт тусгасан эсэхийг, их хэмжээний алданги тооцох эрсдэлээс хамгаалах зохицуулалтууд хэлэлцүүлгийн явцад өөрчлөгдсөн эсэхийг, нийслэлд бүртгэлтэй атлаа орон нутагт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийг орон нутгийн татвар төлөгчөөр бүртгүүлэх асуудлыг шийдвэрлэх эсэхийг гишүүд тодруулж, ажлын хэсгээс тус бүрд нь хариулт, мэдээлэл, тайлбар авсан юм.

Ийнхүү гишүүд төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асууж, хариулт авсны дараа Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.