Зам тээврийн ослоор 2026 оны эхний таван сард 238 хүн амиа алдсан байх юм. Сүүлийн 6, 7 дугаар сарынхыг нэмээд ямар тоо гарахыг сонсохоос ч айлаа.
Жолооны ард жолооч байх уу, алуурчин байх уу гэдгээ хууль журмаас гадна, хувь хүний ёс зүйгээрээ ч шийдэх цаг болчихсон юм байна. Бүтэн айлын голомтыг харлуулж, бүрэн ам бүлийг нь толгой дараалан үгүй хийнэ гэдэг чинь зам дээр үйлдэж байгаа аллага шүү дээ. Анзаарсан бол Замын цагдаагийн газрынхан жил болгон урьдчилан сэргийлэх аян өрнүүлдэг, энэ жил “Амжина гээд хаазаа гишгэх биш, амжихгүй дээ гээд зогсож байгаарай” хэмээн учирлаад хагас сар өнгөрлөө.
Хэдэн бор цагдаагаа шаардлага тавихаар нь дайсан шиг үздэг, урдаа яваа машиныг өрсөлдөгч шиг хардаг, зам дээр жолоо мушгихыг зугаа цэнгэл шиг боддог энэ хандлагаа ч нийтээрээ өөрчилмөөр байна. Хуулиа ч чангалах хэрэгтэй болжээ.
Гэрлээ буулгахгүй байвал эсрэг урсгалын жолооч нүдгүй юм шиг л болдог, замын хажуугийн дэрс бутаар баримжаа авахаас аргагүй байдалд ордог. Үүнийг мэдсээр байж гэрлээ шилжүүлэхгүй байна гэдэг чинь санаатай үйлдэл. Гүйцэж түрүүлэхдээ хурд, орон зайгаа тооцоолох чадваргүй, замын хөдөлгөөний бүх дүрмийг зөрчиж хааз гишгэх чинь бас л гэмт үйлдэл. Согтуугаар жолоо мушгих бол угаасаа зориудын гэмт хэрэг. Зам дээр аз биш амьдрал урсаж байдаг. Үүнийг л ойлгомоор байх юм.
Ачаалалтай үед хотоос гарах, орох цагаа зөв тооцож хөдлөхөөс бүх юм эхэлнэ. Буруу цагтаа гарсан бол зөв цагтаа майхнаа дэлгээд унтаж амар, гэр буудал хаа сайгүй байдаг болсон, хангай дэлхийн хаана ч амсхийж нойр аваад цаашаа хөдлөхөд юу ч унахгүй. Аялал, ажил гэдэг чинь зөв төлөвлөлт, зөв хурд болохоос дайн тулаан биш.
Хавраас хойш хэдэн ч сайхан гэр бүл хагацалд унав даа, хамаг олноороо хөдөлж хандив цуглуулж өгөөд, тэр хүнээс инээмсэглэл, баяр хөөр хүлээдэг нэг тийм хачин уянгын траумад баригддаг болжээ, хэрэгтэн ямар ял авав, ямар байдалтай жолоо мушгиж явав, яаж дүрэм зөрчив гэдгийг нэхэл хатуутай хөөж мэдмээр байна. Эхнэр, хоёр хүүхдээ алдсан Энх-Амгалангийн тавьсан шаардлага зөв, аллага үйлдсэн жолоочоос ямар шинжилгээ авсан, цаашдаа энэ хэрэг хэрхэн үргэлжилж, шүүхээс эцсийн шийдвэр гарах вэ гэдгийг анхаарч хүлээе. Энэ талын хуулийн дэмжлэг Энх-Амгаланд хэрэгтэй, олон ч сар үргэлжлэх байх. Нийтээрээ харъя, хүлээе, шаардая. Амжина гэж хаазаа гишгэх хэрэггүй, багахан хурдаар машиндаа олуулаа бужигнаж яваа тэр мөч чинь ч бас амьдралын хамгийн дурсамжтай агшнууд шүү дээ. Зам дээр аз биш, амьдрал урсаж байдаг, зам дээр бид амьдардаг, амьдралынхаа хаалгыг хаачихаад жолооны ард суудаггүй шүү дээ, тэгээд юундаа яараад, яагаад хурд хэтрүүлээд, хэнийгээ гүйцэх гэж хаазлаад байдаг юм бэ, цаашдаа хэдэн айл өнчрөх ёстой юм бэээ? Оны эхний тавхан сард 238 хүн зам дээр амиа алджээ, он дуусахад энэ тоо хэд хүрэх вэ, хэд дэх нь байх гээд баримжаагүй хурдлаад, балай согтуу яваад байдаг юм бэ?

Сэтгүүлч Р.Эмүжин