Нийслэлийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй 30 дугаар сургуулийн барилгын ажил үргэлжилж байна. 2024 онд мэргэжлийн байгууллагаас ашиглалтын шаардлага хангахгүй болсон гэж дүгнэсэн тул тус сургуулийн хуучин барилгыг нураахаар шийдвэрлэсэн. Ингээд 2025 оны хоёрдугаар сард ажлын зураг батлагдаж, шинэ барилгын ажил эхэлсэн. Гүйцэтгэгчээр “Вишн Девелопмент” ХХК ажиллаж байна. 960 хүүхдийн суудалтай шинэ сургуулийн барилга зоорьтой гурван давхар бөгөөд хоёр спорт заал, нэг урлаг заалтай.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “2026 онд Улаанбаатар хотод нийт 52 сургууль, цэцэрлэгийн барилга, байгууламж ашиглалтад орно. Үүнээс 20 сургууль, 23 цэцэрлэг, хоёр спорт цогцолбор ашиглалтад орох юм. Зургаадугаар сарын 17-нд нийслэлийн төсөвт тодотгол хийж, 2027 онд ашиглалтад орох байсан барилга, байгууламжуудыг энэ хичээлийн шинэ жилд бэлэн байлгах зорилгоор нэмэлт хөрөнгийг тусгасан. Ингэснээр дахин нэг жил хүлээгдэх байсан сургууль энэ хичээлийн жилээс ашиглалтад орно. Үүний нэг жишээ нь Баянзүрх дүүргийн 30 дугаар сургууль юм. Нийслэлийн нягтаршил ихтэй хэсгүүдэд хотхоны бага сургууль байгуулахаар объектуудын судалгааг хийж байна. Наймдугаар сарын 15-ны дотор ерөнхий боловсролын сургуулиудад хийж буй засварын ажлуудыг дуусгах чиглэл өгсөн” гэв.