Алдарт дуурийн дуучин Федор Шаляпины мэндэлсний түүхт 150 жилийн ойг энэ жил ОХУ даяар соёл, урлагийн салбарт өргөн тэмдэглэж байна. Тэгвэл ойн арга хэмжээний хүрээнд Федор Шаляпины нэрэмжит Олон улсын дуурийн залуу дуулаачдын анхдугаар уралдааныг Санкт-Петербург хотноо нээгээд байгаа билээ.
Сонирхуулахад, уралдаанд 213 дуучид мэдүүлэг өгснөөс сопрано, меццо-сопрано, мөн цээл, аргил болон баргил хоолойн ангилалд өрсөлдөх таван орны 36 дуучин хоёр өдрийн турш уралдааны II шат руу шилжих эрхийн төлөө өрсөлдлөө. Тэд IXX-XX-р зууны Орос болон гадаадын хөгжмийн зохиолчдын хоёр өөр ари дууллаа.
Домогт дуулаачийн гэр харшид болох хоёрдугаар шатанд Вольфганг Амадей Моцартын ари, ардын дуу мөн IXX-XX-р зууны хөгжмийн зохиолчийн танхимын бүтээл гэсэн гурван бүтээлийг эгшиглүүлэх болзолтой энэхүү уралдааны хоёрдугаар шат руу 18 уран бүтээлч шилжих болзолтой.
Тэгвэл, Олон улсын шүүгчдийн саналаар Монгол Улсын Цагдаагийн “Сүлд” чуулгын гоцлол дуучин МУСТА Цэнд-Аюушийн Амарболдын нэр энэхүү 18 дуучны жагсаалтыг тэргүүллээ.
Энд сонирхуулахад, Оросын алдарт дуурийн дуучин Федор Шаляпин 1873 оны 2 сарын 13-ны өдөр Оросын Казаньд эртний гаралтай тариачны гэрт мэндэлжээ. Тэрээр бага наснаасаа эхлэн гуталчин, токарчин , бичээчийн туслахаар ажиллахын сацуу сүмийн найрал дуу дуулдаг байжээ. Тэрээр өсвөр залуу үеэсээ эхлэн дуурьд сонирхолтой нэгэн болсон бөгөөд 1896 оноос эхлэн Москвагийн хувийн хэвшлийн дуурийн театрт дуулж эхэлжээ. 1901 онд Италийн Ла скала театрт хийсэн тоглолт нь амжилттай болсон үеэс эхлэн тэрээр гадаадын орнуудад тайлан тоглолтоор их явдаг болжээ. Тэрээр Оросын нэрт зохиолч Максим Горькийгийн ойрын анд нөхөр байсан бөгөөд Октябрийн хувьсгал ялснаас хойш 1922 онд Франц руу яваад тэндээ амьдрахаар үлдсэн гэдэг.