“Эрт Урьдын Цагт театр”-ын “Театрчилсан аялал” энэ жил гурав дахь удаагаа үзэгчдэд хүрэх гэж байна. Энэ удаагийн аяллын онцгой бүтээл нь “Хорьдын сарнаар” монодрам буюу ганц хүний жүжиг юм. Эртний Японы Хэй-ан эриний үед амьдарч байсан, язгууртан эмэгтэй зохиолчийн бичсэн, хүн төрөлхтний хамгийн анхны роман “Гэнжийн туульс”-аас сэдэвлэжээ. Мянга гаруй жилийн тэртээ Японы Хэй-ан эриний үед амьдарч байсан Мүрасаки Шикибү бол дэлхийн утга зохиолын түүхэнд нэрээ мөнхөлсөн нэрт зохиолч, яруу найрагч юм. Тэрээр эзэн хааны ордонд хатан Шошигийн дэргэд амьдарч байхдаа хүн төрөлхтний утга зохиолын үнэт өв болсон “Гэнжийн туульс” хэмээх гайхамшигт бүтээлээ туурвижээ. Энэ удаа бүтээлийн төвд “Гэнжийн туульс”-ын эсрэг дүр хэмээн тодорхойлогддог Кокидэн хатан байна. Түүний амьдралын цаана ямар хувь заяа, ямар сэтгэл зүрх, ямар шалтгаан нуугдаж байсан бол. Кокидэн хатны дүрийг зөвтгөх шалтгаан юу байсныг “Хорьдын сарнаар” моножүжгээс үзээрэй.
“Хорьдын сарнаар” жүжгийн зохиолч, найруулагчаар СТА Ганбатын Мишээл ажиллажээ. Тэрээр театрын урлагт жүжигчин, найруулагч, зохиолчийн олон талт бүтээлээрээ танигдсан бөгөөд олон улсын “Гэгээн Муза” наадмын “Шилдэг эрэгтэй жүжигчин”, “Шилдэг жүжгийн зохиолч”, “Шилдэг найруулагч” зэрэг гурван удаагийн алтан цомын эзэн уран бүтээлч юм. Харин Кокидэн хатны дүрийг СТА Чимэдцэеэгийн Уранбилэг бүтээнэ. Тэрээр хүүхдийн, драмын, сонгодог болон олон төрлийн жүжгийн 60 гаруй гол болон туслах дүрийг тайзнаа амилуулсан туршлагатай жүжигчин бөгөөд “Гэгээн Муза” наадмын хоёр удаагийн алтан цомын эзэн юм. Энэ удаагийн тоглолтын хамгийн онцгой өнгө төрх нь зөвхөн тайзны бүтээлээр хязгаарлагдахгүй. Богд хааны ордон музейн ёслол хүндэтгэлийн талбайд, шөнийн одот тэнгэрийн дор тоглогдох нь түүхэн орон зай, урлагийн бүтээлийг нэгэн цэгт огтлуулж буй хэрэг юм.
Тус жүжиг энэ сарын 20-ны өдөр 19 цагаас Богд хааны ордон музейн Ёслол хүндэтгэлийн талбайд болох ажээ. Тасалбарын үнэ 100 мянган төгрөг бөгөөд ердөө 200-хан ширхэгийг борлуулах юм байна.
