Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын (UNCCD) G20 Даян дэлхийн газрын санаачилга болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн (UNDP) “Залуучуудын Ко:Лаб Монгол” төслийн хүрээнд Хөдөө аж ахуйн их сургуультай хамтран НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын бага хурлын (COP) Загвар хуралдааныг 2026 оны 8 дугаар сарын 12-ны өдөр ХААИС-ийн “Хатан Туул” театрт зохион байгууллаа.
Энэхүү Загвар хуралдаан нь оюутан, залуу судлаач, залуучуудад уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын болон бэлчээрийн доройтол, экосистемийн нөхөн сэргээлтийн талаарх мэдлэг, ойлголтоо нэмэгдүүлэхийн зэрэгцээ олон улсын хэлэлцээ, зөвшилцөл, шийдвэр гаргалтын үйл явцыг практик байдлаар туршин, улс орны байр суурийг илэрхийлэх, санал боловсруулах, хэлэлцээ хийх, хамтын шийдэлд хүрэх ур чадвараа хөгжүүлэх боломж олгосон симуляцийн арга хэмжээ юм.
~ Загвар хуралдааны бэлтгэл сургалт, практик үйл ажиллагаа ~
Загвар хуралдааны бэлтгэл ажлын хүрээнд оролцогчдын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, хуралдаанд оролцох бэлтгэлийг хангах зорилгоор 2026 оны 7 дугаар сарын 29–30-ны өдрүүдэд цахим сургалт зохион байгууллаа. Сургалтыг COP17 хурлын зөвлөх, доктор асан З. Батжаргал, зөвлөх доктор Н. Мандах, ХААИС-ийн профессор Ж. Ундармаа, COP17 Ажлын албаны ахлах шинжээч, залуу хэлэлцээрч Б. Батцэцэг нар удирдан явуулсан. Цахим сургалтаар НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын зорилго, бүтэц, үйл ажиллагаа, Талуудын бага хурлын (COP) үйл явц, олон улсын байгаль орчны хэлэлцээний зарчим, оролцогч талуудын үүрэг, улс орны байр суурь боловсруулах, хэлэлцээ хийх, зөвшилцөлд хүрэх арга барил зэрэг үндсэн сэдвүүдийг судаллаа.
Үүний дараа 2026 оны 8 дугаар сарын 10–11-ний өдрүүдэд урьдчилсан симуляцийн сургалтыг танхимаар зохион байгуулж, цахим сургалтаар эзэмшсэн мэдлэгээ практик үйл ажиллагаагаар бататгав. Оролцогчид улс орны байр суурь боловсруулах, нээлтийн мэдэгдэл бэлтгэх, бүс нутгийн бүлгүүдийн хүрээнд зөвлөлдөх, хэлэлцээ хийх, санал солилцох, шийдвэрийн төсөл боловсруулах зэрэг үйл ажиллагаанд багаар ажиллан дадлага хийлээ.
Мөн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжих мод тарих үйл ажиллагааг Баянгол цэцэрлэгт хүрээлэнтэй хамтран зохион байгуулж, оролцогчид болон гадаадын зочид, төлөөлөгчид хамтдаа мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, байгаль орчныг хамгаалах, экосистемийг нөхөн сэргээх үйлсэд хамтдаа биечлэн оролцов.
~ Олон улсын залуучуудыг нэгтгэсэн Загвар хуралдаан ~
Загвар хуралдааны нээлтийн ёслолд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын ахлах зөвлөх бөгөөд Сайдын ажлын албаны дарга, доктор С. Сайнбаяр, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын G20 Даян дэлхийн газрын санаачилгын захирал, доктор Мурали Туммарукуди, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь Суурин төлөөлөгч Лионел Лорон, ХААИС-ийн ректор Б. Баасансүх нар оролцож, Загвар хуралдааны зорилго, ач холбогдол, залуучуудын оролцооны талаар үг хэлж, оролцогчдод мэндчилгээ дэвшүүллээ.
Тус Загвар хуралдаанд Улаанбаатар хот болон Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Дархан-Уул, Дорнод, Дундговь, Завхан, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Сүхбаатар, Хэнтий зэрэг аймгаас оюутан, залуу судлаач, мэргэжилтнүүд хүрэлцэн ирж оролцлоо. Түүнчлэн ХААИС, МУИС, АШУҮИС, ДХИС болон эрдэм шинжилгээний байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцсон нь салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, мэдлэг, туршлага солилцох боломжийг бүрдүүлсэн юм. Түүнчлэн БНСУ-ын Чуннамын Үндэсний их сургууль, Сөүлийн эмэгтэйчүүдийн их сургууль, Тайванийн Да-Е их сургууль, БНЭУ-ын Делигийн их сургууль, Францын хөдөө аж ахуйн дээд сургуулийн оюутнууд, мөн ХААИС-д суралцаж буй БНХАУ-ын оюутнууд оролцсон нь Загвар хуралдааны олон улсын оролцоог өргөжүүлж, өөр өөр улс, бүс нутгийн залуучуудын мэдлэг, туршлага, үзэл бодлыг харилцан солилцох боломжийг бүрдүүллээ.
Хуралдааны үеэр оролцогчид улс орнуудын төлөөлөгч, ажиглагч болон оролцогч талуудын үүргийг гүйцэтгэж, бүс нутгийн бүлгүүдийн хүрээнд зөвлөлдөх, улс орон болон төлөөлж буй талын байр суурийг илэрхийлэх, санал, зөвлөмж дэвшүүлэх, бусад төлөөлөгчидтэй хэлэлцээ хийх зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэв.
Загвар хуралдааны ерөнхийлөгчөөр ХААИС-ийн оюутан М. Уянга ажиллаж, хуралдааны дэгийг удирдан зохион байгуулж, төлөөлөгчдийн санал, байр суурийг сонсох, хэлэлцүүлгийг чиглүүлэх, зөвшилцөлд хүрэх үйл явцыг удирдан ажиллалаа. Ийнхүү залуучууд хуралдааныг зөвхөн төлөөлөгчийн байр сууринаас бус, манлайлан удирдах түвшинд оролцсон нь Загвар хуралдааны онцлог байлаа.
Загвар хуралдааны хүрээнд оролцогчдыг дөрвөн сэдэвчилсэн хороонд хуваарилан ажиллуулж, ногоон эдийн засаг ба тогтвортой хөгжил, бэлчээрийн мал аж ахуй ба экосистемийн харилцан хамаарал, дрон технологи ба хиймэл оюун ухаан, байгальд суурилсан шийдэл, бэлчээрийн нөхөн сэргээлтэд тэгш оролцоог хангах зэрэг асуудлыг хэлэлцэв. Сэдэвчилсэн хороодын үйл ажиллагааг ЭЗБС-ийн багш, доктор, дэд профессор Г. Ганзориг, Экосистем судалгааны төвийн эрхлэгч, доктор, профессор Ж. Ундармаа, Хөгжлийн бодлого, цахим шилжилт эрхэлсэн проректор Ж. Мөнгөн, тус их сургуультай хамтран төсөл хэрэгжүүлж буй ЭККО-ФАРМ төслийн мэргэжилтэн Ж. Лхагвадулам, Ш. Оюунтуяа нар чиглүүлэн ажиллав.
Хороодын хэлэлцүүлгийн үеэр оролцогчид төлөөлж буй улс, талуудын байр суурь, санал, зөвлөмжийг хэлэлцэн, нийтлэг болон ялгаатай байр суурийг тодорхойлж, саналаа нэгтгэн шийдвэрийн төсөл боловсруулж, нэгдсэн хуралдаанд танилцуулан хэлэлцүүллээ.
~ Залуучуудын дуу хоолойг нэгтгэсэн “Залуучуудын уриалга” ~
Загвар хуралдааны хүрээнд байгаль орчныг хамгаалах, газрын доройтлыг бууруулах, экосистемийг нөхөн сэргээх, тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлээр залуучуудын дуу хоолой, санал санаачилгыг нэгтгэсэн “Залуучуудын уриалга”-ыг хэлэлцэн баталлаа.
Уг уриалгыг оролцогчид дэмжиж, нэгдэн гарын үсэг зурсан нь байгаль орчны тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд залуучуудын идэвхтэй, хариуцлагатай оролцоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагаа, инновац, мэдлэг, технологид тулгуурласан шийдлийг дэмжих талаарх тэдний нийтлэг байр суурь, хамтын амлалтыг илэрхийлсэн чухал үр дүн боллоо.
~ COP17-ийн Цэнхэр бүсэд нэвтрэх боломж ~
Загвар хуралдаанд оролцсон бүх оролцогчид COP17-ийн Цэнхэр бүсэд нэвтрэх эрх авч, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын бага хурлын үйл явцыг бодитоор ажиглах боломж бүрдсэн юм. Загвар хуралдаанаар эзэмшсэн мэдлэг, практик туршлагыг олон улсын бодит үйл явцтай холбон бататгах, COP-ын үйл ажиллагаа, олон талт хэлэлцээ, шийдвэр гаргалтын үйл явцыг газар дээр нь мэдэрч, олон улсын түвшний арга хэмжээнд оролцох үнэ цэнтэй туршлага хуримтлуулахад чухал ач холбогдолтой болох юм.
ЭХ БАЙГАЛИА СЭРГЭЭЕ.
ИТГЭЛ НАЙДВАРАА БАДРААЯ.



