Япон Улсын Токио Дэнки их сургууль (Tokyo Denki University)-ийн Цахилгаан электроник, инженерийн тэнхимийн профессор, Японы Инженерийн боловсролын нийгэмлэгийн захирал Хиракури Кэнжи (HIRAKURI Kenji) тэргүүтэй төлөөлөгчид 2026 оны 10 дугаар сарын 06-ны өдөр ХААИС-д зочилж, хоёр их сургуулийн цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд “Planning saw” ХХК-ийн гүйцэтгэх захирал Кана Токура (Kana TOKURA), ХААИС-ийг төлөөлж Гадаад хамтын ажиллагаа, түншлэлийн газрын дарга Ц.Сүхтулга, ИТС-ийн захирал Л.Лхагвасүрэн, ГХАТГ-ын мэргэжилтэн Р.Батчимэг нар оролцов.
Уулзалтын үеэр Токио Дэнки их сургуулийн профессор Хиракури Кэнжи хоёр их сургуулийн хооронд оюутан, багш, судлаачдын солилцоог хөгжүүлэх, хамтарсан судалгаа, төсөл хэрэгжүүлэх, цаашид харилцан сонирхсон чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх саналтай байгаагаа илэрхийллээ.
ХААИС-ийн Инженер, технологийн сургуулийн захирал Л.Лхагвасүрэн Монгол Улсад хөдөө аж ахуйн инженерийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж ирсэн уламжлал, сургалт, судалгааны талаар танилцуулж, кредит дүйцүүлэх боломжтой оюутан солилцоо болон урт богино хугацааны дадлагажих хөтөлбөр хэрэгжүүлэх боломжын талаар санал солилцлоо.
Токио Дэнки их сургууль нь 1907 онд Токиогийн Канда дүүрэгт үүсэн байгуулагдсан бөгөөд инженер, техникийн боловсролын чиглэлээр 100 гаруй жилийн түүхтэй. Тус сургууль нь өнөөдөр инженерчлэл, цахилгаан, электроник болон технологийн чиглэлээр сургалт, судалгааг хөгжүүлж, нийгэм, үйлдвэрлэлийн хөгжилд хувь нэмэр оруулах инженерүүдийг бэлтгэж байна.