ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн Малзүйч мэргэжлийн 3 дугаар ангийн оюутнууд “Хадлан бэлчээр судлал”, “Малын тэжээллэг”, “Тэжээл үйлдвэрлэлийн технологи” хичээлүүдийн бие даалтын хүрээнд өөрсдийн хүсэл, санаачилгаар 100 кг навч, ногоон тэжээлийн холимог дарш бэлтгэн, ХААИС-ийн ар хормойд орших Богд хан уулыг хамгаалан ажилладаг байгаль хамгаалагчдын унаа морины тэжээлд зориулан хандивлалаа.
Энэхүү санаачилга нь оюутнуудын хувьд мэргэжлийн хичээлээр эзэмшсэн онолын мэдлэгээ практикт туршин хэрэгжүүлж, мэдлэг чадвараа нэмэгдүүлэхийн зэрэгцээ байгаль орчноо хамгаалах, нийгмийн сайн үйлсэд оролцох, бусдын хөдөлмөрийг хүндэтгэх олон талын ач холбогдолтой үйл ажиллагаа болсон юм.
Тодруулбал, оюутнууд:
– Онолын мэдлэгээ практикт хэрэгжүүлж, тэжээл бэлтгэх технологийн талаар бодит туршлага хуримтлуулсан;
– ХААИС-ийн орчин дахь модны унасан навчийг түүж цуглуулан, орчноо цэвэрлэж, байгалийн гаралтай материалыг тэжээлийн зориулалтаар үр ашигтай ашигласан;
– Богд хан уулыг гал түймэр болон бусад аюулаас хамгаалан цаг наргүй ажилладаг байгаль хамгаалагчдын хөдөлмөрийг хүндэтгэн, тэдний унаа морины тэжээлд зориулсан.
Оюутнууд санаачилгаа хэрэгжүүлэхэд Бэлчээр, тэжээллэгийн тэнхмийн эрхлэгч, доктор А.Отгонжаргал, Мал аж ахуйн тэнхмийн эрхлэгч, доктор Т.Ариунболд, профессор багш Б.Баасанжалбуу, аж ахуйн дарга Н.Энхбаатар нар дэмжлэг үзүүлж, зөвлөж ажиллалаа.
Сурч мэдсэнээ амьдралд хэрэгжүүлж, байгаль орчноо хайрлан хамгаалж, бусдад сэтгэлийн дэм өгсөн энэ сайхан үйлс нь бусад оюутан залуусын сайн үйлсийн эхлэл, үлгэр дуурайлал болох болтугай.
