Исландын Хөдөө аж ахуйн их сургуулийн Байгаль орчин, ойн шинжлэх ухааны сургуулийн GRÓ LRT хөтөлбөр (Land Restoration Training Programme)-ийн дэд захирал Гудрун Доттер (Guðrún Guðjónsdóttir) 2026 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Хөдөө аж ахуйн их сургуульд зочилж, тус их сургуулийн ректор Б.Баасансүх, Гадаад хамтын ажиллагаа, түншлэлийн газрын дарга Ц.Сүхтулга болон GRO LRT хөтөлбөрийн төгсөгчдийн төлөөлөлтэй уулзлаа.
GRO LRT нь газрын доройтол, цөлжилтийн асуудалтай тулгарч буй түнш орнуудын мэргэжилтнүүдэд зориулан боловсруулсан, экосистемийг нөхөн сэргээх, байгалийн нөөцийг тогтвортой ашиглах, экосистемийн тогтвортой менежментийн чиглэлээр мэдлэг, ур чадвар олгох зургаан сарын эрчимжүүлсэн төгсөлтийн дараах сургалтын хөтөлбөр юм.
Монгол Улс тус хөтөлбөрийн хамтын ажиллагааны хүрээнд газрын доройтлыг бууруулах, газрын нөхөн сэргээлтийн чиглэлээр мэргэжилтэн, судлаач, багш нараа үе шаттайгаар хамруулж ирсэн бөгөөд ХААИС-ийн нийт таван багш, мэргэжилтэн тус сургалтад амжилттай хамрагджээ. Тухайлбал, МААБС-ийн багш А.Булган, Агроэкологийн сургуулийн багш А.Сайнчулуу, Б.Батбилэг, Б.Эрдэнэтуяа, В.Төрмөнх нар тус тус GRÓ LRT хөтөлбөрт хамрагдсан байна.
Уулзалтын үеэр GRÓ LRT хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй сургалт, судалгааны хамтын ажиллагааны үр дүн, төгсөгчдийн мэргэжлийн үйл ажиллагаа, цаашдын хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцов. Түүнчлэн ХААИС-ийн багш, судлаач, мэргэжилтнүүдийг тус хөтөлбөрт олноор хамруулах, төгсөгчдийн мэргэжлийн ур чадвар, ажлын үр дүнг нэмэгдүүлэх, сургалтаар олж авсан мэдлэг, туршлагыг Монгол Улсын газрын нөхөн сэргээлт, байгаль орчны менежментийн практикт үр дүнтэй нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхээр санал нэгдлээ.
Энэхүү уулзалт нь Монгол Улс, Исланд Улсын хооронд газрын доройтлыг бууруулах, экосистемийг нөхөн сэргээх, байгаль орчны тогтвортой менежментийн чиглэлээр мэдлэг, туршлага солилцоо, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.


