НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын үзэсгэлэнгийн танхимд “Ногоон бүс ба газрын нэгдсэн тогтвортой менежмент” сэдэвт нээлттэй хэлэлцүүллгийг Австрийн BOKU их сургууль болон ХААИС-ийн ГХАТГ хамтран 2026 оны 08 дугаар сарын 19-ний өдөр зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлэгт Австрийн BOKU их сургуулийн профессор, доктор Альфред Питтерле (Alfred Pitterle), Австрийн Венийн их сургуулийн Захиргаа, эдийн засаг, аюулгүй байдал, улс төрийн тэнхимийн профессор, доктор Йоханнес Маерк (Johannes Maerk), Монгол Улсын Хөдөө аж ахуйн их сургуулийн Агроэкологийн сургуулийн багш, доктор Б.Батбилэг нар оролцож, газрын нөөцийг зохистой ашиглах, тогтвортой удирдах, байгаль орчны доройтол, цөлжилтөөс үүдэлтэй хөдөөгийн ядуурал болон хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэргүй байдлыг бууруулах арга замын талаар илтгэл, мэдээлэл танилцуулж, санал солилцлоо.
Хэлэлцүүлгийн үеэр “Байгаль орчны доройтол, хөдөөгийн ядуурал болон хот, хөдөөгийн ялгаатай байдлыг шийдвэрлэх цорын ганц гарц нь газрын нөөцийг цогц, тогтвортой байдлаар удирдах явдал” хэмээн онцолж, газрын нэгдсэн менежментийг шинжлэх ухаан, технологи, нийгэм, эдийн засгийн бодлоготой уялдуулан хэрэгжүүлэхийн ач холбогдлыг хөндлөө.
Мөн газрын доройтол, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт зэрэг байгаль орчны тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд шинжлэх ухааны судалгаа, инновац, хиймэл оюун ухаан, газарзүйн мэдээллийн систем (GIS), хиймэл дагуулын зураглалд суурилсан технологи болон салбар дундын хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлагатайг онцолсон юм.
Түүнчлэн Еврази–Номхон далайн их сургуулиудын сүлжээ (Eurasia Pacific Uninet)-ийн хүрээнд газрын нэгдсэн менежментийн төвийг Монгол Улсын Хөдөө аж ахуйн их сургууль болон Бүгд Найрамдах Киргиз Улсын Нарын хот дахь Киргизийн Үндэсний их сургуулийн Бүс нутгийн олон салбарын судалгааны хүрээлэнгийн дэргэд байгуулсан талаар танилцууллаа.
Нээлттэй хэлэлцүүлэгт Хөдөө аж ахуйн их сургуулийн ректор, профессор Б.Баасансүх, Бүгд Найрамдах Австри Улсын өргөмжит консул Д.Сэргэлэн, Монгол Улсын Шинжлэх ухааны академийн болон Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачид, ХААИС-ийн багш нарын төлөөлөл оролцож, газрын нэгдсэн тогтвортой менежмент, цөлжилттэй тэмцэх, байгаль орчныг хамгаалах чиглэлээр санал бодлоо солилцлоо.
Энэхүү хэлэлцүүлэг нь газрын доройтол, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шинжлэх ухаан, технологи болон нийгэм, эдийн засгийн бодлоготой уялдуулан шийдвэрлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.




