УИХ-ын дарга С.Бямбацогтод манай улсад албан ёсны айлчлал хийж буй Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү /2026.09.03/ бараалхав.

УИХ-ын дарга уулзалтын эхэнд ноён Мотэги Тошимицү-г манай оронд албан ёсны айлчлал хийж буйд талархал илэрхийлээд ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий гуравдагч хөрш Япон Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг гэдгийг онцлон тэмдэглэв.

Уулзалтаар талууд хоёр орны хамтын ажиллагаа, найрсаг харилцааг бэхжүүлэхэд Монгол Улсын Их Хурал болон Япон Улсын Парламент хоорондын харилцаа  чухал үүрэг гүйцэтгэснийг тэмдэглээд парламент хоорондын харилцан айлчлал, найрамдлын бүлгүүдийн хамтын ажиллагааг тогтмолжуулж, шинэ шатанд гаргаж ажиллахад санал нэгдлээ.

УИХ-ын дарга С.Бямбацогт, Япон Улсын Засгийн газраас Хөгжлийн албан ёсны тусламжийн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудлыг хэрэгжүүлэхээр ажиллаж  байгаад талархлаа илэрхийлсэн.

Тэрбээр, Миний бие Зам, тээврийн сайдаар ажиллаж байхдаа агаарын тээврийг либерчлах бодлогын ажлыг амжилттай хэрэгжүүлсний үр дүнд 2023 онд зорчигч тээврийн урсгал, шууд нислэгийн давтамж 3-4 дахин нэмэгдэж,  мөн тийзний  үнэ гурав дахин буурсан гэв. Мөн тухайн үед зогссон байсан орон нутгийн нислэг дахин сэргэж, найман аймаг руу нислэг үйлддэг болж, ахмадууд, жирэмсэн болон нярай хүүхэдтэй ээж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд голчлон зорчдог болсныг дуулгав.

“Чингис хаан” олон улсын нисэх буудлаар үйлчлүүлсэн зорчигчдын тоо 2022 онд 600 мянга байсан бол 2025 онд дөрөв дахин нэмэгдсэн. Энэ хэрээр ачаалал нэмэгдэж байна. Иймд дотоодын нислэгийг “Буянт-Ухаа” нисэх буудал руу шилжүүлбэл ахмад настан, жирэмсэн болон нярай хүүхэдтэй ээж, хөгжлийн бэрхшээлтэй гэх мэт 60 мянган монгол иргэдийг илүү бага зардлаар, зорьсон газар нь шуурхай хүргэх тул, уг асуудалд анхаарч ажиллахыг УИХ-ын дарга С.Бямбацогт  хүслээ.

Монгол Улс, Япон Улсын “Тусгай стратегийн түншлэл”-ийн чухал багана болох худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх нь чухал ач холбогдолтойг УИХ-ын дарга дурдаад, 2015 онд Япон Улстай байгуулсан чөлөөт худалдааны хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсын 5700 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүн тус улсын зах зээлд татваргүй гарах нөхцөл бүрдсэн хэдий ч тодорхой саад бэрхшээлтэй тулгарч, экспорт 2015 оны түвшнээс буурсныг хөндөв. Тиймээс цаашид гадаад худалдааны тэнцвэрт байдлыг бий болгоход хамтын оролцоо, хүчин чармайлт чухал байгааг яриандаа онцоллоо.

Мөн хоёр улсын иргэд хоорондын харилцаа улам бүр бэхжин буй энэ цаг үед тус улсад 21 мянга орчим монгол иргэд тогтмол сурч, ажиллаж байна. Иймд Япон Улсад богино хугацаагаар зорчиж буй Монгол Улсын иргэдийг визийн нөхцөлөөс чөлөөлөх асуудлыг судлан, шийдвэрлэхийг хүссэн юм.

Эрхэмсэг ноён Мотэги Тошимицү УИХ-ын дарга С.Бямбацогтод бараалхах завшаан тохиосонд баяртай байгаагаа илэрхийлээд, 2025 онд Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан, Эрхэм дээд Хатан нар Монгол Улсад анх удаа төрийн айлчлал хийхэд халуун сэтгэлээр хүлээн авсан Монголын ард түмэнд талархаж явдгийг уламжлав.

Тэрбээр Монгол Улс, Япон Улсын “Тусгай стратегийн түншлэл”-ийн хүрээнд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг хүсэж байгаагаа илэрхийлээд, Япон Улсын Засгийн газраас Хөгжлийн албан ёсны тусламжийн иений хөнгөлөлттэй зээлийн хүрээнд “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудлыг судалж, зарчмын тохиролцоонд хүрснийг дуулгав.

Мөн УИХ-ын даргын тавьсан дотоодын нислэгийг “Буянт-Ухаа” нисэх буудал руу шилжүүлэх, Япон Улсад богино хугацаагаар зорчиж буй Монгол Улсын иргэдийг визийн нөхцөлөөс чөлөөлөх саналыг судлан, онцгой анхаарал тавьж ажиллахаа илэрхийллээ. Улмаар хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд Япон Улс шаардлагатай тусламж, дэмжлэгийг үзүүлэхэд бэлэн байна гэв.

Уулзалтаар талууд хоёр орны харилцаа хамтын ажиллагааг бэхжүүлэх, ялангуяа парламент болон Засгийн газрын сайн туршлагыг судлан, хууль тогтоох үйл ажиллагаандаа нутагшуулах, Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг аж ахуйн нэгж, иргэдэд бодитоор хүргэх, давхар татварыг хэлэлцээрийн талаар хөндөж, санал солилцсон.

Уулзалтад Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн дарга Ж.Галбадрах, Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Д.Ганмаа, С.Эрдэнэбат, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Игавахара Масарү болон албаны бусад төлөөлөл байлцлаа хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.