УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал “2026 оны төсвийн тодотгол 1,4 их наяд төгрөгийн зохицуулалт хийсэн тодотгол. Эх үүсвэр талаасаа төсвийн зарлага нь 1,4 их наядын зохицуулалт хийж, энэ мөнгөөр төрийн үйлчилгээний салбарын ажилтан, албан хаагчдын цалингийн дутагдал, өмнө нь зохицуулагдаагүй байсан төрийн үйлчилгээний ажилтнуудын цалинг 50 хувь нэмэгдүүлэх талаар тусгасан.

Мөн хаврын чуулганаар Нийгмийн даатгалын хууль баталсантай холбоотойгоор арваннэгдүгээр сарын 1-ээс суурь тэтгэврийг олгох бөгөөд үүнд 435 мянган ахмад хамрагдана. Мөн өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор гол нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлтийн асуудал дээр анхаарах шаардлагатай учраас намрын ургац хураалтын үеэр гурилын улаан буудай, хүнсний ногоо, махны нийлүүлэлт, шатахууны асуудал зэрэг асуудалтай холбоотойгоор нөөц, нийлүүлэлт шийдэхээр тодотголд тусгасан. Эрчим хүчний салбарт энэ өвөл саатал, эрсдэл багатай даван туулахын тулд засвар үйлчилгээ, техникийн шинэчлэлийн төлбөр, тарифын дарамтыг иргэдэд бага мэдрүүлэхийн тулд төсвийн тодотголыг оруулж ирсэн байна гэв.

Сангийн сайд З.Мэндсайхан “Төсвийн тодотгол иргэдийн орлогыг хамгаалах, нөгөө талдаа стратегийн нөөц бүрдүүлж, үнийг өсөлтийг хязгаарлах бодлого барьж, тодотгол өргөн барьсан. Төсвийн зардал тэлээгүй, нэмэгдээгүй. Цалин хөлс нэмэгдэхээр инфляцид нөлөөлнө гэж олон хүн асууж байна. 2026 оны төсөв батлахдаа зардлыг төсөвт суулгаагүй шийдсэн байсныг Засгийн газар өөрийн зардлаа танаж, тодотголоор оруулж ирж байна. Мөн төрийн үйлчилгээний салбарынхан цалин нэмэгдээгүй байсныг цалинг нь нэмэгдүүлж 80,1 тэрбумыг тодотголд тусгасан. Ингэхээр цалингийн хувьд төрийн бүх салбарынхан ижил түвшинд ирж байна.

Нөгөө талдаа дэлхийн геополитикийн асуудлаас үүссэн түлш, шатахууны үнээс шалтгаалж өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж байгаа учраас ахмадуудын суурь тэтгэврийг нэмэгдүүлэх шаардлага үүссэн. Тиймээс төсвийн тодотголоор суурь тэтгэвэр нэг сая орчим болно. Төсвийн зарлагын 1,4 их төгрөгийн нэг их наяд орчим нь цалин, тэтгэврийн нэмэгдэлд зарцуулагдана. Үлдсэн мөнгийг эрэлт, нийлүүлэлт, нөөц бүрдүүлэлт хийх шаардлага үүсч байгаа хөдөө аж ахуй болон уул уурхайн салбарт 150 орчим тэрбум төгрөгийг зарцуулахаар тооцсон. Мөн өвлийн ид ачааллын үед эрчим хүчний салбарт шаардлагатай засвар, шинэчлэлтэд 200 орчим тэрбум төгрөгийг зарцуулна. Сургууль, цэцэрлэг эхэлсэнтэй холбоотой 48-аас дээш хүүхэдтэй 1080 сургууль байгаа бөгөөд үүний ачааллыг бууруулахын тулд тодорхой төсөв зарцуулж, ачааллыг бууруулахаар төсвийн тодотголд тусгасан” гэлээ.