УИХ-ын дарга С.Бямбацогтын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман 2026 оны 09 дүгээр сарын 09-11-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргын түвшинд 23 жилийн дараа хэрэгжиж буй тус айлчлал нь Монгол, Вьетнамын “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэн хөгжүүлэх, ялангуяа парламент хоорондын хамтын ажиллагаа, парламентын бүлэг, Тамгын газруудын ажил хэргийн хэлхээ холбоог өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

УИХ-ын дарга С.Бямбацогт Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-тай албан ёсны хэлэлцээ хийж, парламентын түвшинд хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурна.

Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын хооронд 1954 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтоох тухай Хамтарсан тунхаглал гаргасан.

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад 1998 онд Монгол Улсын Их Хурлын дарга Р.Гончигдорж, 2004 онд Монгол Улсын Их Хурлын дарга С.Төмөр-Очир, 2010 онд Монгол Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл, 2018 онд Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд нар төрийн айлчлал хийж байлаа хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.