Монгол Улсын ХААИС нь БНСУ-ын Жонбүкийн үндэсний их сургууль (Jeonbuk national university)-тай олон жилийн хамтын ажиллагааны хүрээнд оюутан солилцоо, хоёр их сургуулийн хос зэрэг олгох 2+2 хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна.
ОЮУТАН СОЛИЛЦОО, ХОС ЗЭРЭГ ОЛГОХ 2+2 ХӨТӨЛБӨР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Хамтын ажиллагааны хүрээнд 2025-2026 оны хичээлийн жилд ХААИС-ийн 8 оюутан нэг улирлын хугацаатай тус их сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдан суралцаад эх орондоо эргэн ирлээ.
Оюутнууд тус хөтөлбөрийн хүрээнд мэргэжлийн хичээлийг дүйцүүлэх боломжтой судалсны зэрэгцээ БНСУ-ын дэвшилтэт технологи, сургалтын орчин, олон улсын академик туршлагаас суралцлаа.
Оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдсан оюутнуудаас 2 оюутан тус их сургуульд үргэлжлүүлэн суралцахаар боллоо. Түүнчлэн 2025–2026 оны хичээлийн жилд ХААИС-ийн 3 оюутан хос дипломын хөтөлбөрийг амжилттай дүүргэлээ.
Төгсөгчдийн нэг болох МААБС-ийн оюутан Б.Сувд-Эрдэнэ тус сургуулийн магистрын хөтөлбөрт КОЙКА байгууллагын 100 хувийн тэтгэлэг (Байр, хоол, сургалтын төлбөр, сар бүр 1200000 вон)-тэйгээр үргэлжлүүлэн суралцаж байна.
КАПСТОН ДИЗАЙНЫ ТЭМЦЭЭНЭЭС МӨНГӨН ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
Хоёр их сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд ХШУС-ийн оюутан Ц.Сүхбат Жонбүкийн Үндэсний Их Сургуульд хос хөтөлбөрөөр амжилттай суралцаж төгслөө.
Тэрээр 2026 оны хичээлийн жилийн I улирлын Капстон дизайны тэмцээн (Capstone design competition)-д багийн гишүүдийн хамт “Тогтмол бус орчинд суурилуулсан роботын барих болон зөөж байрлуулах систем” сэдэвт бүтээлээр амжилттай оролцож, диплом, мөнгөн шагнал хүртлээ.
ХААИС, Жонбүкийн үндэсний их сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд оюутан солилцоо, хос хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна. Тус сургуулийн хос зэрэг олгох хөтөлбөрт дараах шаардлага хангасан оюутнууд байр, хоол, сургалтын төлбөрөөс 100 хувь чөлөөлөгдөн суралцаж, хоёр их сургуулийн хос дипломтой төгсөх боломжтой юм.
1. ХААИС-ийн бакалаврын 2 дугаар ангийн оюутан байх (2026 оны хавар 2-р ангиа төгсөх оюутан байх)
2. Голч оноо 2,75 буюу түүнээс дээш байх
3. Солонгос хэлний TOPIK 4 ба түүнээс дээш түвшинтэй байх
4. ХААИС-д 65-70 кредит амжилттай үзэж судалсан байх зэрэг шаардлага хангасан байх юм.
