Хүнс, хөдөө аж ахуй, хүрээлэн буй орчны олон улсын дээд хэмжээний уулзалтад оролцсон оролцогчдын сэтгэгдлийг хүргэж байна.
Хөдөө аж ахуйн их сургууль (ХААИС)-ийн Мал эмнэлгийн сургууль (МЭС)-ийн оюутан Т.Саруулноров миний бие Япон Улсад зохион байгуулагдсан хүнс, хөдөө аж ахуй, хүрээлэн буй орчны олон улсын оюутны дээд хэмжээний уулзалт (International students summit on food, agriculture and environment – ISS)-д Монгол Улсын ХААИС-ийг төлөөлөн 2026.06.29-өөс 2026.0705-ны өдрүүдэд оролцож, өөрийн судалгааны ажлыг олон улсын оюутан, судлаачдад танилцуулсан нь маш үнэ цэнтэй, мартагдашгүй үйл явдал боллоо.
 Энэ жил ISS зохион байгуулагдсаны 25 жилийн ой тохиож байгаа нь уг арга хэмжээг илүү онцлог болгов. Миний хувьд энэхүү олон улсын уулзалтад оролцох боломж 2026.02.11-нд ХААИС-д зохион байгуулагдсан шалгаруулалтаас эхэлсэн. Токиогийн ХААИС-иас оролцох урилга, мэдээлэл ирснээс хойш бүтэн зургаан сарын хугацаанд судалгааны өгүүлэл, илтгэлээ тасралтгүй сайжруулж, олон удаа хянуулан, групп хэлэлцүүлгүүдэд оролцож, бусад оролцогчдын санал, зөвлөмжийг авч байлаа. Япон Улсад очсон өдрийг хүртэл илтгэл, бүтээлүүдийг эцэслэн шалгаж, шаардлагатай засваруудыг хийж байсан нь надад их сонирхолтой санагдсан. Хурлын үеэр оролцогч бүр өөрийн судалгаагаа танилцуулж, бусад оюутнууд асуулт асууж, санал бодлоо хуваалцахаас гадна бие биенийхээ илтгэлд үнэлгээ өгч байсан.
 Би тус уулзалтад “Хөдөө аж ахуйн салбарын MRV тогтолцоог боловсронгуй болгох нь: Хонины хивэгчийн метан хийн ялгаруулалт болон CH₄ хувиргалтын коэффициентийг нарийвчлалтай тооцоолох нь” сэдвээр судалгааны ажлаа танилцуулсан. Мөн олон орны оюутнуудтай танилцаж, тэдний хийж буй судалгаа, улс оронд нь тулгамдаж буй асуудал болон тэдгээрийг шийдвэрлэх арга замын талаар ярилцах боломж олдсон. Улс орон бүрийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал өөр боловч хүнсний аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны хамгаалал, тогтвортой хөдөө аж ахуй зэрэг асуудлууд бидэнд нийтлэг болохыг илүү сайн ойлгосон.
Мөн Токиогийн ХААИС-ийн “Цогц хөдөө аж ахуйн шинжлэх ухаан” (Comprehensive agricultural science) үзэл баримтлалтай танилцсан нь надад их сонирхолтой санагдсан. Хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчин, амьдралын шинжлэх ухаан болон нийгмийн асуудлыг тус тусад нь бус, харилцан уялдаатайгаар авч үзэх нь өнөө үед тулгамдаж буй олон асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг ойлгосон.
Мөн хурлын хөтөлбөрийн хүрээнд чөлөөт цаг гаргаж, бусад оюутнууд болон багш нартайгаа хамт Токио хотоор аялах боломж олдсон нь аяллын маань хамгийн дурсамжтай хэсгүүдийн нэг байлаа. Токио хотын орчин, хүмүүсийн амьдралын хэв маяг, Японы соёл, уламжлалтай танилцаж, шинэ зүйлсийг өөрийн нүдээр харсан нь маш сонирхолтой байсан. Хамтдаа хоттой танилцаж, зураг авахуулж, ярилцаж, инээлдэж өнгөрүүлсэн тэр цаг хугацаа хуралд оролцсоноос гадна олон сайхан дурсамж үлдээсэн.
 Миний хувьд хамгийн их баярласан, урам авсан зүйл бол танилцуулсан судалгааны ажлыг минь нэгэн профессор ихэд сонирхож, судалгааны талаар дэлгэрэнгүй ярилцсан явдал байлаа. Цаашид манай судалгааны багтай холбоо тогтоож, хамтран ажиллах сонирхлоо илэрхийлсэн нь маш том урам өгсөн. Энэхүү олон улсын хуралд оролцох боломжийг олгосон Монгол Улсын ХААИС-ийн хамт олон, судалгааны ажлыг минь удирдан чиглүүлж, дэмжиж ажилласан эрдэм шинжилгээний удирдагч С.Отгонпүрэв багшдаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.