Баянгол дүүргийн удирдах ажилтны Шуурхай зөвлөгөөний үеэр дүүргийн Газар зохион байгуулалтын албаны ахлах мэргэжилтэн Б.Төмөрбаатар газар чөлөөлөлтийн ажлын явцын талаар мэдээлэл өглөө.
 Баянгол дүүргийн 9-р хороо, 146-р сургууль орчимд хийгдэх авто зам, явган хүний замын трасст өртсөн газрын есөн нэгж талбарын эзэдтэй зөвшилцөж, 12 нэгж талбарыг чөлөөлөөд байна.
 Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Нарангийн гудамж орчимд иргэдийн амралт, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөсөн. Дээрх бүтээн байгуулалтын ажлыг 2026 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийхээр болсон бөгөөд 10 га талбайг чөлөөлөх ажил үргэлжилж байна. Уг чөлөөлөх талбайн нөлөөлөлд 105 орчим нэгж талбар өртөж буй. Тиймээс 22-р хорооны Зүүн нарангийн 13-р гудамжны авто замын нөлөөлөлд өртсөн 27 нэгж талбарыг чөлөөлөх ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөн ажиллаж байна.
 Баянгол дүүргийн 9, 10, 11, 21 ,22, 23-р хороог дамнасан үерийн хамгаалалтын далан дагуу 4км урт, 3м өргөн дугуйн замын нөлөөлөлд 130 нэгж талбар өртсөн байна. Үүнээс 58 нэгж талбар бүтэн, 25 нэгж талбар хэсэгчлэн өртөж, нийт 83 нэгж талбарт хөрөнгийн үнэлгээ хийлгэхээр хүлээгдэж байна. Үлдсэн 47 нэгж талбарт газар чөлөөлөх мэдэгдлийг 2026 оны долдугаар сарын 29-ний өдрийн байдлаар хүргүүлж, 9, 21-р хорооны илүү талбайтай нийт 14 айлын хашааг татуулж, үлдсэн 33 нэгж талбарыг татуулах бэлтгэл ажлыг хангаад байна.