“…Монголын төр авлигачидтайгаа тэмцэж байна” гэдэг мессэж гадаад дотоодгүй тарсан. Зарим талаар тийм. Гэхдээ ээлж дараалан илэрч буй том хулгайтай холбоотой гол хүмүүс нь үлдчихдэг. Тэд “…Шударга ёс”, “…Төрийн ажил” яриад явж байдаг боллоо. Харин АТГ-т байцаагдаж, прокурорт яллуулаад, шүүхийн өмнө суудаг хүмүүс нь ердөө л тушаал заавар гүйцэтгэдэг төдий хүмүүс байх нь элбэг. ЖДҮ-гийн хэрэг тэгээд л өнгөрсөн. Хөгжлийн банк бас л тэр замаар шийдэгдсэн. Нүүрсний хулгай ч ялгаа алга. Сүүлдээ төрд нүүрсний хулгайг шийдэх сонирхол байна уу, үгүй гэж асуумаар л болж байна.
Ганц л жишээ дурдъя. Бараг жилийн өмнө дөө, энэ хэрэг илрээд удаагүй байхад хууль хяналтынхан “…Нүүрсний хулгайтай холбоотой хэргийг таван үндсэн чиглэлээр мөрдөн шалгаж байна” гэж мэдэгдэж байв. Түүнд нь “…Бүртгэлгүйгээр нэвтрүүлсэн, ухсан, олборлосон гэх асуудал”, “…Нүүрстэй холбоотой гэрээний асуудлууд”, “…Уртын болон богинын тээвэр, тээвэрлэгч компаниудын ард улс төрд нөлөө бүхий этгээдүүд байдаг гэх асуудал”, “…С зөвшөөрөл”, “…Төслийн санхүүжилттэй холбоотой асуудлууд” багтаж байгааг хэлж байлаа. Эдгээрийн эхнийх нь болох “..Бүртгэлгүйгээр нэвтрүүлсэн, ухсан, олборлосон гэх асуудал” гаалийн байгууллагатай холбогддог. Байгууллага ч гэж дээ, тэнд ажилладаг нэр бүхий хүмүүстэй холбоотой юм.
ГЕГ-ын дэд дарга Д.Энхтайван бас л жил шахмын өмнө “…Их хэмжээний нүүрс алдагдаад байхад гаалийн байгууллага мэдэхгүй биш, бүртгэлийн үйл ажиллагаа доголдсон. Гаалийн мэдүүлэггүйгээр экспорт гарсан байна. Бүртгэл дутуугаас хил хооронд мэдээлэл солилцох бүртгэлгүйгээр гарсан. Үүнийг шалгаж, хариуцлага алдсан албан тушаалтанд хариуцлага тооцно, шүүх шийднэ. 2010-2011 оны хооронд 3758 тээврийн хэрэгслээр 379 мянган тонн нүүрсийг гаалийг бүрдүүлэлт хийлгүй улсын хилээр гаргасан байж болзошгүй хэргийг хуулийн байгууллагад шилжүүлсэн. 2013-2017 онд нүүрс тээвэрлэгч 86 аж ахуйн нэгжийн 2527 тээврийн хэрэгсэл улсын хилээр гарсан бүртгэлтэй. Тавантолгой ХК экспортын бүрдүүлэлт хийж гаргасан нүүрсний тоо хэмжээ тус компанитай нүүрс худалдах гэрээ байгуулсан 21 аж ахуйн нэгж гэрээнд заасан тоо хэмжээнээс нэг сая тонн нүүрс илүү экспортолсон. 12 аж ахуйн нэгж эх үүсвэр тодорхойгүй, гэрээгүй 515 мянган тонн нүүрс экспортолсныг ЦЕГ руу шилжүүлсэн” гэж мэдэгдэж байв. Наад зах нь “…Нүүрсэн мөргөцгийн хулгай” гээд л бид улиг болтол сонссон доо. Гаалийн дээрх асуудалтай холбоотойгоор баахан байцаагчийг хэрэгт татчихсан байгаа юм. Эх сурвалжийн мэдээллээр нөгөөдүүл нь хаана, яаж хууль зөрчсөнөө мэддэггүй. Гэтэл тухайн үед Гашуунсухайт дахь Гаалийн газрын дарга байсан зарим нөхөр ГЕГ-т дэвшээд ажиллаж байх юм. Тухайлбал, хоёр тусдаа байсан газрыг нийлүүлээд Хяналт, бүрдүүлэлтийн газар болгоод даргаар нь суучихсан Б.Даваасүрэн байна. Энэ нөхөр бол УИХ дээр яригдсан, хууль хяналтынхан ярьдаг, Д.Энхтайван даргынх нь хэлсэн бүртгэлгүй нүүрс гарсан хугацаанд Гашуунсухайт дахь Гаалийн газрын даргаар ажиллаж байсан. “…Энэ хэрэгт татагдсан жирийн байцаагч нар нь хэрэг явдлыг хамгийн сайн мэдэх Б.Даваасүрэн нарыг яадаг ч үгүй, дэвшүүлээд байдагт гайхдаг” гэсэн мэдээлэл бий. Тэр утгаараа сэжиглэгдэх ёстой хүн мөн байгаа биз. Түүнээс гадна өөр хүмүүс ч гаальд том албан тушаал хашаад байж байна. Гэтэл тэд гаалийн гол газруудыг хариуцаад гавьяа байгуулаад байна уу гэвэл үгүй юм. Гаалийн байгууллага нь Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулиар улсын төсөвт орлого төвлөрүүлэх үүрэг хүлээдэг. Энэ жил, 2023 онд тэр үүргээ биелүүлж чадахгүй байх магадлалтай болчихсон. Уг нь гаалийнхан 5.37 их наяд төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэх ёстой. Гэвч 70 хувьд нь хүрэх үү, үгүй юу гэдэг эргэлзээтэй болоод байгаа юм. Сар гаруйн өмнө хийгдсэн халаа сэлгээ нь үр дүнд хүрээд төсвийн орлогоо давуулаад биелүүлчихийг бас үгүйсгэхгүй. Тэгж чадвал сайн л байна.
Ер нь бол зөвхөн гааль ч гэлтгүй, өөр байгууллагад ч нүүрсний хулгайд сэжиглэх ёстой хүмүүс том том алба хашаад байж л байна. АТҮТ-ийн дарга Б.Гүрсоронзон гэж бас нэг “хөдөлдөггүй” нөхөр бий. Алба хаагчид нь С зөвшөөрлийн хэргээр ял сонсоод бараг дуусчихав уу л гэмээр дуулддаг. Өөрөө бас л бөөн “холио”-ны эзэн сонсогдоод байдаг. Энэ мэтээр “сэжигтэн”-үүд нь сэвхийтэл дэвшээд байдаг шударга ёс гэж байх уу. Ийм байтал “…Монголын төр авлигачидтайгаа тэмцэж байна” гээд байх нь зүгээр нэг тунхаг болж хоцорно.
Б.ДАМДИН-ОЧИР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин