Томоохон баярууд дөхөөд чихэр, боовны хэрэглээ өссөн гэдэг шиг тайлбарыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд өгөв… Өнгөрөгч онд улсын хэмжээгээр 987 мянга 875 тонн дизель түлш импортолсон бол энэ оны арваннэгдүгээр сарын байдлаар 1 сая 235 мянган тонныг импортлоод байгаа тоон мэдээллийг түүний хийсэн мэдээллээс харж болж байна.

Тэгэхээр импортлогчдын тухайд асуудал алга… Нийлүүлэлт хэвийн.

Харин дотоодын хэрэглээ, тэр дундаа уул уурхайн салбар дахь хэрэглээ огцом өссөнөөс болж иргэд хөхөө өвлийн хүйтнээр хөл нүцгэрэхдээ тулсан байх нь. Товчхондоо салбарын сайдын туршлага, мэдлэг, бодлогогүйн харгайгаар нөхцөл байдал иймдээ тулсан гэх ойлголтыг өөрийнх нь хийсэн мэдээллээс авч байгаа юм.

Чихрийн нийлүүлэлт тасарсан ч иргэд чихрээр дутахгүй шиг тэр дутуу бодож… тооцоолж. Уул уурхайн салбарын хэрэглээ эрс өсч, иргэд рүү нийлүүлдэг нийлүүлэлтээс авахдаа хүрэх нь гэдгийг мань сайд өдий хүртэл яагаад тооцоолоогүй юм бол?!

Бид үүнд бэлдээгүй биш бэлдсэн. Найм, есдүгээр сарын мэдээллийг харвал бид нөөцийг 100-150 мянган тонноор бэлдсэн гэж тэрбээр ярьж байна. Дутуу бэлдэж, дутуу бодоод иргэдийн хэрэглээ, цаашлаад эрчим хүч, ачаа тээвэр, онцгой байдлын албаныхны хэрэглээнээс ховх сороод байна, Ж.Ганбаатар сайд аа!!! Бэлэн байх гэдэг чинь ганцаараа бодож, ганц салбараараа бэлдэхийг хэлэхгүй гэдгийг ч огт мэддэггүй сайд уу…

Салбарын хэрэглээ, ачааллаа тооцоолоогүйн балгаас чинь болж өвөлжилт хүндэрсэн энэ өдрүүдэд ачаа тээвэр, эрчим хүчний салбарт ч онц ноцтой хохирол учирч мэдэхээр болчихлоо. Түлш нэмж татахгүй бол болохгүй нь гэж орилонгуут бэлэн зогсч байдаг вагон, дэлгээтэй тэрлэг шиг төмөр зам гэж хаана ч байхгүй. Нэмсэн хөдөлгөөн бүрийн цаана дотоод гадаадын олон ачаа тээврийн хөдөлгөөнд өөрчлөлт орохоос эхлээд түмэн уялдаа холбоо бий гэдгийг тооцоолоогүй атлаа тээврийн бурууг Зам тээврийн асуудал хариуцсан сайдад тохож, түлш байтугай АИ92, 95-ууд тасалдаад байгаагаас үзвэл нефть импортлогч компаниуд арчаагүй сул дорой байна хэмээн харагдуулах арга ядсан санаа шидэлж суугаа юм биш биз!!!

Хил гаалиар орж ирсэн АИ92, 95-уудын мэдүүлгээс үзвэл энэ төрлийн шатахуун тасалдахааргүй дүн мэдээтэй байтал АИ92, 95 мөн нөөцгүй болсон мэт мэдээ мэдээлэл гэнэт сэвэгдэж, түүнд нь савалсан олон нийт зохиомол дараалал үүсгэн Шатахуун түгээх станциудад хүндрэл үүсгээд байгаа сүүлийн үеийн нөхцөл байдлын ард бодлогын алдаагаа хаацайлах гэсэн эрхэм сайдтан сууж байгаа юм биш байгаа!!!

Байж мэдэх л хардлага…

Үнэхээр асуудал үүссэн бол, АИ92, 95 төрлийн шатахууны нөөцгүй болсон бол иргэд шатахуун түгээх станцын үүдэнд хонох шахам дугаарлаж байхад Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Л.Баярмандал нь баярын цэнгүүн хэсч, бүжин наадаж явахгүйгээр бичиг цаасанд дарагдаад уйлж дуулан гүйх байсан биз. Түүний эл үйлдэлд сөрөг хүчин хүртэл эгдүүцэн босч хүчтэй шүүмжилж байна.

Төрийн алба хашиж, төсвийн мөнгөөр цалинждаг албан тушаалтны хувьд 7.6 сая төгрөгийн ханш бүхий цэнгүүнд оролцоно гэдэг туйлдсан иргэдийн хувьд ойлгохыг ч хүсэхгүй чулуу нүүлгэх асуудал яах аргагүй мөн. Хариуцсан салбарт нь Засгийн эрх барих үгүйг шийдэхдээ тулсан асуудал үүсчихээд байхад үнэтэй цэнгүүн хэсч явсан нөхөр ёсзүйн хувьд хариуцлага хүлээн, нэн яаралтайгаар ажлаа өгөх нь зүйд нийцэх хэрэг биз.

Өнөөдөр салбарын бодлогын алдаанаас үүссэн хомсдол гэхээс илүүтэй иргэд, олон нийт ТӨРийг, Засгийн газрын тэргүүнийг шууд буруутган зүхэж байна. Арга ч үгүй.

Иргэд тэнэг биш!!!

Уул уурхайн салбарын хэрэглээ сайдын нь хэлснээр тэгтлээ өсчихөөд байхад бодлогын хувьд шуурхай арга хэмжээ авч импортлогч компаниудтайгаа уялдаа холбоотой ажиллаагүй, нийлүүлэгч орны нөхцөл байдал, эрсдлийг урьдчилан тооцоолоогүй, эрэлт ихэссэнтэй холбогдуулан татан авалтын тоо толгой тутмаар нэмэлт тээвэр шаардлагатай болсныг Зам тээврийн сайдтай ярилцаж шийдвэрлүүлээгүй зэрэг эргээд засахад нэгэнт оройтсон алдаанууд илтэд байхад Засгийн газрыг буруутгахаас ч яалтай.

Ядаж байхад өөрсдөө үйлдвэрлэгч биш атлаа “ҮНЭ ТОГТВОРЖУУЛАГЧ ХӨТӨЛБӨР” гэх самуун бодлогыг хөдөлгөөнгүй барьж ирсний гороор импортлогч компаниудаа дампуурлын ирмэгт авааччихсан том гэмтэй…

Өнөө маргаашгүй ЕС эхэлж, хүйтний эрч илүү чангарна.

Түлшний хомсдлоос болж цахилгаан станцууд саатаж, амин зуулга болсон нүүрс тээвэр зогсох аюул цаг хугацаа секундээр хэмжигдэж байна. Хөөсөн турхирсан инфлүүнсэрүүдийн дайралтад авталгүй нөхцөл байдлыг эрүүлээр тооцон шуурхай ажиллаж, холбогдох салбар, импортлогч компаниудтайгаа боломжит бүхий л хувилбараар сэлгэн ажиллаж чаддаг хүний гарт Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарыг шилжүүлэхгүй бол улсаараа харанхуйлж, хөлдөхдөө хүрэх аюул хаалга балбаад байна, эрхэм өндөрлөгүүд ээ!!!

Нефтийн нийлүүлэлт, татан авалт өмнөх үеүдээс буураагүй байхад хомсдолд орно гэдэг бол Уул уурхайн салбарын хэрэглээ огцом өссөнийг харсаар, мэдсээр байж арга хэмжээ аваагүй өнөө хүрсэн салбар хариуцсан сайдын алдаа гэхээс өөр юу байх билээ…