Нүүрсний хулгайчдыг илрүүлэх “пентхаусын” нэгдүгээр үзэгдэл дээр АН-ынхнаас илүү МАН-ынхан харвачих дөхсөн гэвэл үнэнд ойртох байх. Нэгдүгээр шатны сонсголын гурав дахь өдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг гэрчээр оролцох хүсэлт гаргаж, ар гэрийнхэн нь Төрийн ордонд нэвтэрсэн ч Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нараас гадна Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга тэргүүтэн уулзсан уулзалтаас түүнийг сонсголд оролцуулахгүй байх “даалгавар” өгөгдсөн гэдэг.

Үндэсний аюулгүй байдлын гурван гишүүн дээр Д.Амарбаясгалангийн нэмэгдэж оролцсон тус уулзалтаар Өмнөговь аймгийн газар нутгийг гадаадын иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлсэн асуудлыг хэлэлцсэн гэх албан тайлбартай ч тэд нүүрсний сонсголоос гадна Авлигын шүүхийн асуудлыг яаравчуулах, намын генсекийн суудлыг нэг тийш болгох талаар ярилцсан юм байх.

Учир нь УИХ-ын сонгуулиас өмнө намын Ерөнхий нарийн бичгийн даргыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаас салгахгүй бол сонгуулийн ерөнхий менежерээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга хүн ажиллах шаардлага үүсээд байна хэмээн намын бага хурлын гишүүдээс шаардаад эхэлж.

Үнэхээр ч тийм. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга хүн эрх баригч намын сонгуулийг удирдвал дэлхийн шившиг болох биз.

Ийм атал Д.Амарбаясгалан давхар дээлээ тайлахгүй гэдгээрээ гүрийж, түүнийг нь Г.Занданшатар дэмжсэн гэдгийг эх сурвалжаас хэлж байна.

Ойрын өдрүүдийн улс төр тойргийн хуваарилалт дээр өрнөж У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар ойр ойр уулзаж Г.Занданшатар гээгдэх маягтай байгаа. Үүнд шаралхаж, ууртай яваагаа мань эр дээрх уулзалтын үеэр илэрхийлэнгээ МАН-ын генсекээр Я.Содбаатарыг ирүүлэх тохиолдолд Д.Амарбаясгалан хэвээр байсан нь дээр хэмээн гөжүүдэлсэн юм байх…

Нүүрсний “пентхаусын” хоёр дахь шатны сонсголд эрх баригч намынхан бараг тэр чигээрээ гэрчээр дуудагдсан. Үүнээс урьтаж тойргийн хуваарилалт хийхээр гол дүрийн нөхөд шинэ жилийн цэнгүүн нэрээр цугларах болсон гэдгийг намынхан нь хэлж байгаа юм. Ийм аргаар ч болов цуглахгүй бол МАН-ын Удирдах зөвлөлийнхөн нүүрсний сонсголын өмнө уулзалдлаа хэмээн түмэн хардлага сэрдлэг дэгдэх нь ойлгомжтой хойно.

Харин АН-д хэдийнэ түймэр дэгдэж, сонсголын хажуугаар Л.Гантөмөрийг огцрохыг долгион эрчимжээд байгаа.

Сонсголыг даргалагч Б.Энхбаяр “АН-ын МҮДН фракцын гишүүд Акмиконсалтинг ХХК-ийг үүсгэн байгуулж, Тавантолгой ХК-иас хямдаар нүүрс авч, өндөр үнэтэй борлуулан ашиг олдог” хэмээсэн нь тус намын дотоодод гал өрдчихсөн хэрэг. АН-ын 7 гишүүн гэхийн оронд МҮДН гэж тодотгосон нь Л.Гантөмөрийг онилсон улстөр хэмээн хүний өөрийн намынхан шуугиж байна. Тэрчлэн Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Х.Нямбаатарын нэрлэсэн 17 нүүрсчний нэгээр нэрлэгдсэн Х.Баттулга гэрчээр дуудагдаагүй нь олон хүний дургүйцлийг төрүүлээд буй бололтой.

МҮДН нь АН-ыг бүрдүүлэгч таван намын нэгдлийн нэг. Тэд гийгүүлсэн гавьяагүй ч гээгдэж хоцорсон гомдол гуниг мөн үгүй.

Ажнай Д.Бат-Эрдэнэ, Л.Гантөмөр, Р.Амаржаргал, Н.Батбаяр, Ц.Баярсайхан, Д.Эрдэнэбат гэхчлэн төдийлөн идэвхтэй биш ч улстөрийн аливаа акц бүрийн ард ямар нэг албан тушаал, ашиг хонжоотой л сууж байдаг бүлэглэл. Хожим Л.Гантөмөр Х.Тэмүүжин тэргүүтэй үеийнхэнтэйгээ нийлж Нэг ардчилал фракцийг байгуулсан ч холыг туулж, хөтлийг давж чадаагүй юм. Энэ хоёр бүлэг, фракцийн аль аль нь Х.Баттулгатай харилцаа тааруутай. Ямартаа Б.Болор, Д.Эрдэнэбат нарыг хорих руу ачигдахад Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Х.Баттулга хамгаалах битгий хэл дэм өгөөд явуулчихсан гэгдэж байхав.

Ер нь ч Эрдэнэс Тавантолгойн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Я.Батсуурийг гэрчээр дуудаж, Ц.Элбэгдоржийг нүүрсчдийн пентхаусын толгойлогчоор цоллож байгаа нь бүлэглэл хоорондын улстөр гэж харагдаж буй нь үнэн. Я.Батсуурь Алтангадас фракцид харьяалагддаг. Н.Алтанхуяг Ц.Элбэгдорж нарын харилцаа эртнээсээ таатай байгаагүй.

Ийнхүү энэ намынхан нам байгуулагдсан арванхоёрдугаар сарын 6-ны өдрөө Л.Гантөмөрт хилийн хориг тавихыг шаардан мэдээлэл хийж байсан бол энэ удаад нүүрсний тортог нэмэгдээд “Хоёр том хэрэгт нэр нь холбогдоод байхад албан тушаалаа өгөөд хуулийн дагуу шалгуул” хэмээн дарга руугаа чулуу нүүлгэх болсон.

Ирэх даваа гаригт нүүрсчдийн “пентхаус”-ын хоёрдугаар үзэгдэл эхэлнэ.

Үүнээс урьтан үдэшлэг, цэнгүүн нэрийн дор хэд хэдэн уулзалт болох нь. Холбогдох мэдээллийг үргэлжлүүлэн хүргэх тул энэ хүрээд түр орхиё.

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ…