Бензин дагаад бусад юмны үнэ сэм сэмхэн нэмэгдэнэ. Яана даа. АИ-92 бензин 400 гаруй төгрөгөөр нэмэгдэж 2800-2900 болсон байна. Эрх мэдэлтнүүд 20 хоног ард түмнээ шантаажилж бензиний хомсдол үүсгэн -36 хэмийн шөнийн хүйтэнд 4-6 цаг очерлуулж зөвхөн өндөр үнэтэй АИ-95 шахаж иргэдээ залхаан цээрлүүлэх замаар санасандаа хүрчээ.
Манай улсын нийт шатахууны импортын ~55% эзэлдэг дизелийн үнэ бас 400-560 төгрөгөөр бас нэмэгдсэн байна. Яг л нөгөө зальхай аргаараа, сонгодог технолгогоороо, нүүрсний хулгайн асуудал оволзож, хүйтний эрч тачигнаж, бас дээр нь шинэ жил, кристмас гээд бужигнаж байх үед үнээ нэмжээ. Тиймээс хэн ч юу ч хэлж чадсангүй. Тэгэх гээд байсан юм өө, шинэ жилдээ орно оо хө гээд л өнгөрөө.
Уг нь бол бензиний хомсдол үүсэх гадаад шалтгаан үнэндээ байхгүй юм билээ. Харин ч эсэргээрээ бензиний үнэ тогтворжих, буурах боломжтой байсан. Өнгөрсөн 3 долоо хоног орчим үргэлжилсэн АИ-92, Дизель түлшний хомсдол бол зохиомол хомсдол гэж үзэх үндэслэлтэй. Манайхыг бензинээр хангадаг ОХУ бензин, шатахуунаа хэвийн, хүссэн хэмжээнд нь өгсөөр байгааг тэндээс ирсэн албан ёсны төлөөллүүд нь хэлсэн. Манай сайд дарга нар ч ОХУ-аас ирж буй шатахууны нийлүүлэлт хэвийн байгааг эцсийн дүндээ үгүйсгэж чадахгүй байгаа. Тэгсэн мөртлөө нэмж Хятадаас бензин авах боллоо ч гэх шиг? Зохион байгуулалттай жүжиг юм уу, юу юм? Нэг л ойлгомжгүй зүйл явагдаад байна.
За юу нь ч байсан хамаа алга. Бензиний үнэ нэмэхгүй гэж амалсан Засгийн газар, бензин шатахууныг атгасан монополь компаниуд аль аль нь юу ч хэлсэнгүй зүгээр л бензин, түлшний үнийг 2 долоо хоногийн дотор 20% нэмчихлээ. Эдийн засгийн гол тулгуур багана болсон бензинийг атгасан импортлагч компаниуд үнээр нь тоглолт хийж төр барьж буй нам, Засгийн газрыг “эрхэндээ байлгаж” улс төр, эдийн засгийн эрх ашгаа тулгасаар ирсэн байдаг. Харин 2024 оны сонгуулийн дуу чимээ ихэссэн энэ өдрүүдэд талууд эвтэйхэн тохиролцоод ард түмнээ жийчихэв үү дэ. Тэд хөшигний цаана ямар тохиролцоонд хүрэв? Яамартай ч бензиний үнийн өсөлтийн хүнд ачааг зөвхөн жирийн иргэд, улныхан л үүрнэ. Гэхдээ жийгдсэн ард иргэд мартахгүй л дээ. 6-сар гаруйхны дараа ард түмэн эрх баригчдад дүнгээ тавьж сонголтоо хийнэ. Тэр үед бид хэрхэн жийгдэж, муриулж байснаа санах болно. Эдийн засагч би ч сануулсаар байх болно. Тиймээ зөвхөн бензин төдийгүй Нүүрсний хулгай, Хөгжлийн банк, ЖДҮ сангийн дээрэм, Авилгалын хэргүүд бүгдийг би сануулсаар байх болно.
Х.Батсуурь /Эдийн засагч/