Энэ талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “МАН-ын бүлгийн хурлдаар намрын чуулганаар хэлэлцэх асуудлууд, Банкны тухай хууль, дагаж мөрдөх журмыг ярилцаж дэмжлээ. Энэ сарын 1-нээс Сонгуулийн тухай хууль хэрэгжиж байгаа тул УИХ-ын гишүүдэд уг хуулийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлын талаар мэдээлэл өглөө.
Үндсэн хуульд зааснаар намрын чуулган 75 хоногоос доошгүй хугацаанд хуралдах ёстой. Тэгэхээр нэгдүгээр сарын 20-нд УИХ-ын чуулган завсарлана.
Намрын чуулганаар эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх тухай хууль, иргэний хэргийг хянан шийдвэрлэх тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтүүд, хүүхэд хамгааллын хууль, үнэт цаасны хууль, эмэгтэйчүүдийн бизнесийг дэмжих чиглэлээр зэрэг хуулиудыг батлах нь зүйтэй гэж үзсэн” хэмээлээ.
Б.Баттөмөр нарын гишүүд Банкны тухай хуулийн төсөлд өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачилсан, уг хуулийг хэлэлцлээ. Банкны нэг хувьцаа эзэмшигчдийн хувьцааны хэмжээ 20%-аас хэтрэхгүй байх хуулийн хэрэгжилт 2024.01.01-нээс эхэлж байгаа юм. Үүнтэй холбогдуулаад олон улсын байгууллага болон банкнуудаас хуулийн хугацааг сунгах санал тавьсан учир хуулийн хэрэгжих хугацааг 2026 он хүртэл сунгах нь зүйтэй гэж үзсэн.
Нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж байгаа Сонгуулийн тухай хуулиар олон зүйлийг хориглосон учир гишүүдэд хууль зөрчихгүй байх мэдээллийг өглөө” гэв.
Монголын мөнгөний эргэлтийн 70-80%-ийг барьдаг мөртөө 3-4 эзэнтэй банкууд задарч, 70,000 хувьцаа эзэмшигчтэй болсноор банкуудын өөрийн хөрөнгө 473 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Банкны хувьцааг арилжих хувь нэмэгдэж, хувьцаат компанийн хэлбэрт шилжинэ. Ингэснээр банкуудын өөрийн хөрөнгө нэмэгдэж, зээлийн хүү буурна. Мөнгө угаах зэрэг буруу үйлдлүүд арилж, олон нийтийн хяналтад орох сайн талтай.
Монголын Хөрөнгийн Биржээр 830 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэний 500 орчим тэрбум нь банкных.
Цаашид Монголын зах зээлд стратегийн хөрөнгө оруулагч нарыг оруулах шаардлагатай байгаа учир Банкны хувьцаа эзэмшигчдийн хувьцааны 20 хувиас хэтрэхгүй байх хуулийн хугацааг 2026 он хүртэл сунгахыг бүлэг дэмжлээ.
Хуульд нэг хувьцаа эзэмшигч нөгөө банкны хувьцаа эзэмшигч байж болохгүй гэсэн заалт оруулсан. Гэтэл олон улсын байгууллагууд энэ заалт нь хөрөнгө оруулалтын бодлогуудтай зөрчилдөж байгааг хэлсэн юм.
Иймд Монголын төрийн бодлого нь гаднын хөрөнгө оруулалтыг татах, банкны төвлөрөл болон зээлийн хүүг бууруулах шаардлагын үүднээс нэг хувьцаа эзэмшигч нөгөө банкны хувьцаа эзэмшигч байхыг зөвшөөрч шийдвэрлэлээ” гэв.