Сумогийн их аварга Хакухо М.Даваажаргалын удирддаг дэвжээний бөх монгол залуу жудаг бус асуудлууд удаа дараа тарьснаас байдал хүндэрсээр байна.

Японы үндэсний спортын үнэмлэхүй дээд амжилтыг гаргасан монгол аварга маань одоо гадна дотногүй ад болж байх шиг.

Үнэндээ бол их аваргын өөрөөс нь хамааралтай асуудлууд байх нь буй ч, жинхэнэ гал гарах шалтгааныг шавь нь л бий болгосон нь нэмэр хачиргүй үнэн. Ингээд их нэр алдар, асар их хүндэтгэл энэ өдрүүдэд үнэгүйдэн унаж, Хакухо аварга маань Монголдоо ирж магадгүй болж байх шиг. Гэхдээ л тэр улсад хариуцлага алдсан л бол олон түрүүлсэн аваргаа өршөөе, тэгсгээд орхиё гэсэн асуудал ерөөс алга. Алдаа гаргасан, ёс журмыг зөрчсөн л бол хэнбугайд ч гэсэн хүлээлгэх хариуцлага нь тодорхой юм тэнд.

Үүний цаана монгол нэр төр, монгол хариуцлагын асуудал л яригдаж байна. Ер нь монгол хүнд хариуцлага гэдэг асуудал үнэхээр хачин ойлголт. Монголд хариуцлага хэрэгжих нь бүр ч сонин үйл явц байсаар байна.

Нүүрсний дөчин их наядын хулгайн асуудал яван явсаар Б.Ганхуяг, Т.Аюурсайхан гэдэг хоёр хүнийг хорьж, арван тэрбумыг хурааснаар энэ асуудал бараг өндөрлөсөн гэхэд хилс алга.

Хөгжлийн банкны хэрэг гэж хэчнээн олон эзэн холбогдогчтой сүрхий асуудал бослоо доо. Өрийг төлүүлсэн нь сайн болсон, банк жигдэрсэн нь сайн болсон. Гэхдээ эцсийн дүндээ Хөгжлийн банкны асуудлаар, өнөөдрийн байдлаар Ё.Баатарбилэг гэдэг гишүүн хоригдох ялтай, тус банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат хоригдож байгаагаар л хариуцлагын асуудал хэмжигдэж байна.

Эдгээр жишээнүүдээс харахад л Монголд хариуцлага ямар байгаа, монгол хариуцлага гэгч нь ямархуу “юм” болох нь тов тодорхой харагдана.

Монголд хариуцлагыг жинхэнэ хариуцлага болгохгүй л бол хөгжил ирэх нь алсарсаар л байх байх даа.
Б.ДОРНО

Amlalt.mn