Цаг уур орчны шинжилгээний газраас ойрын өдрүүдийн цаг агаарын төлөв байдлын талаар мэдээлэл хийлээ.

Ойрын өдрүүдэд буюу гуравдугаар сарын 19, 20-нд ихэнх нутгаар дулаарна. Гуравдугаар сарын 21, 22-нд баруун аймгуудын нутаг, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бага зэргийн цас орно. Эдгээр бүс нутгаар цас орох ч агаарын температур буурахгүй, нутгийн зүүн хэсгээр дулаан байна.

Энэ сарын 23-нд төв, зүүн аймгуудын нутгаар, 24-нд нутгийн баруун өмнөд хэсгээр буюу Говь-Алтай, Баянхонгор аймгийн нутгаар цас орно хэмээн танилцууллаа.

Энэ сарын 25-нд говийн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд нутгийн өмнөд хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурна.

22-нд баруун аймгуудын нутгаар, 23-нд төв, зүүн аймгуудын нутгаар цасан шуурга аюултай үзэгдлийн хэмжээнд хүрэхээр байгааг анхаарууллаа.

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар агаарын температур нэмэх градус руу орж, говийн бүс нутгаар +13…+18 хэм дулаарах тул шар усны үерээс сэрэмжлэхийг анхаарууллаа.