Төрийн шагналт хөгжмийн зохиолч Цогзолын Нацагдоржийн “Үүлэн заяа” дуурийг Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид энэ сарын 23,24-ний өдрүүдийн 17 цагт тоглох гэж байна.
“Хөгжимдөх тусам ухаан суулгах хөгжим” хэмээн үнэлэгдсэн “Үүлэн заяа” дуурьт хөгжмийн зохиолч хар хорын тэмцэл, сайн муугийн явдлыг симфонийн арга барилаар илэрхийлэхийн сацуу хөгжмийн өрнүүлэг, ярилцал хэлбэрийг чадамгай ашигласнаараа монгол дуурийн уламжлалт хэв маягт шинэчлэл хийсэн, уран сайхны онцгой ач холбогдолтой бүтээл болсон байна.
Ц.Нацагдорж нь Монголын орчин цагийн хөгжмийн хөгжилд онцгой гавьяа байгуулсан хүмүүсийн нэгд зүй ёсоор тооцогддог бөгөөд дөрвөн дуурь, нэг бүжгэн жүжиг, 30 шахам симфони бүтээл, мөн тооны кино, жүжгийн хөгжим зэрэг олон зуун бүтээл туурвисны дотор Ш.Шажинбатын цомнол “Үүлэн заяа” хэмээх энэхүү дуурь, IV симфони, “Хөдөөгийн сайхан” симфони чуулбар гэсэн гурван бүтээлээрээ 1993 онд Төрийн соёрхол хүртсэн билээ. Тус дуурийг анх удирдаж байсан МУГЗ удирдаач Н.Туулайхүү энэ удаагийн тоглолтыг уригдан ирж удирдан тоглуулах болно.
Туулайхүү удирдаач маань 70 насыг зооглож байгааг дуулгахад таатай байна.
