ОХУ-ын “Хүмүүнлэгийн ертөнц” сангаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Ялта хүрэх зам” олон улсын хөгжмийн VI наадамд оролцох дэлхийн 15 орны шилдэг 15-т сонгогдсон Монгол Улсын Төрийн дээд Чингис Хаан одонт, Соёлын Элч Монгол улсын Филармоний Морин хуурын чуулгад флейт хөгжимчинөөр ажиллаж буй Баяраагийн Одмандах энэ сарын 20-ны өдөр ОХУ-ыг зорино.
Тэрбээр уралдааны болзол ёсоор Төрийн хүндэтгэлийн ордон Кремлийн Их тайзнаа Монгол Улсаа төлөөлөн хоёр удаа гарах юм. Тэгэхдээ 4-р сарын 28-ны өдөр Б. Одмандах нь Хагас финалд өөрийн эх хэлнээ Оросын нэрт яруу найрагч, дуу зохиогч, сэтгүүлч Сергей Островын шүлгээр хөгжмийн зохиолч Марк Фрадкины тэртээх 1974 онд бүтээсэн, зөвлөлтийн алдарт «Самоцветы» хамтлагийн ахлагч асан Валентин Дьяконовын дуулснаар «Пламя» хамтлаг түмэнд түгээж, монголчууд бидний ч сэтгэлд хоногшсон ” У деревни Крюково” дууг дуулахаар бэлдэж байна.
Оросын “Россия” телевизээр ирэх 5-р сарын 1-ний өдөр шууд дамжуулах “Ялта хүрэх зам” олон улсын хөгжмийн VI наадмын Финал болон Гала тоглолтоор 6000 үзэгчтэй Кремлийн Их танхимд Монголын UBS телевизийн Universe best songs нэвтрүүлгийн шилдэг 25-д багтаж олны танил болсон, 2018 онд Mongol HD TV-ээс зохион байгуулсан Voice of Mongolia show-д өөрийгөө мэргэжлийн поп дуучин амплуа-д сориод авсан 28 настай Б.Одмандахтай ” Крюково тосгоны дэргэд” дууг хамт дуулах Оросын “од”-ыг шүүгчид өнөөдөр нэрлэлээ.
ОХУ-ын урлагийн нэрт зүтгэлтэн, алдарт дуучин, продюсер Ярослав Сумишевский 1983 оны 10-р сарын 18-нд Оросын Сахалин хязгаар нутагт төрсөн. 1997 онд тэрбээр Хөгжмийн бага сургуулийн баян хөгжмийн ангийг амжилттай дүүргэсэн байна. Хөгжимд амьдралаа зориулахаар шийдсэн залуу уран бүтээлч улмаар Южно-Сахалинскийн соёл, урлагийн сургуулийг найрал дууны удирдаачаар дүүргэжээ. Хөгжимчний мэргэжлийг дуулах урлагт чухал суурь болох ухаан хэмээн үздэг уран бүтээлч 2009 онд ОХУ-ын нийслэл Москва хотыг зорин Москвагийн Соёл, Урлагийн улсын их сургуулийн дулаачийн ангийг дүүргэсэн гэхээр манай улсаас оролцох Б.Одмандахтай залуу уран бүтээлчийнхээ хувьд тун адил уран бүтээлийн замналтай байх нь.
Сонирхуулахад, Ярослав бол гэнэт олонд алдаршсан жинхэнэ “од” юм. «Народный Махор», «Народный Хит», «Квартирник онлайн» зэрэг Орос орон даяар алдаршсан шилдэг интернет төслүүдийн үүсгэн байгуулагч төдийгүй өөрийнхөө контентуудын байнгын хөтлөгч нь байдаг энэ залуу ОРТ сувгийн томоохон төсөл болох “Гурван аккорд” шоуны (2018) оролцогч болсноор дэлхийн цахим сүлжээг жинхэнэ утгаар нь “дэлбэлсэн” жүжигчин, шансон жанрын дуучин юм.
Ярослав Сумишевскийн авьяасыг урлаг судлаачид ихэвчлэн “гоц үзэгдэл” эсвэл “Интернетийн Ардын жүжигчин” хэмээн нэрлэдэг гэнэ: тэр залуу бол өвөрмөц хоолой, гайхалтай сайхан тембртэйгээс гадна “тэсвэрлэшгүй сэтгэл татам дүр төрх”тэйгээсээ болж үзэгчдийн зүрх сэтгэлийг эзэмдэж, 157 сая хүн амтай Оросын төдийгүй орос дуунд дуртай орнуудын урлаийн тэнгэрт өөрийн гэсэн тод одыг асааж чадсан нэрт дуучин юм. Учир нь Сумишевский өөрийн шүтэн бишрэгчиддээ маш халуун дулаан, хайр дүүрэн ханддаг бөгөөд энэ хайр нь харилцан хайрлагдахад нь түүний нэрийн хуудас байдаг.
Ярослав Сумишевский анх 2018 оны 10-р сарын 17-нд Оросын нийслэлийн хамгийн томд тооцогдох «Вегас Сити Холл»-д бие даасан тоглолтоо хийж байсан. Ярослав улс даяар үзэгч дүүрэн танхимыг цуглуулдаг дуучин гэж тооцогддог. Тиймээс ч өнгөрсөн 2023 оны 10-р сард Оросын төв телевизийн хамгийн олон үзэгчдийн хамгийн өндөр хандалттай нэвтрүүлгүүдийн эзэн, шоумен алдарт Андрей Малахов «Привет, Андрей!» нэвтрүүлгийн нэгэн дугаарыг Сумишевскийн төрсөн өдөрт зориулсан юм.
Малаховын хэлснээр, Сумишевскийн ” амжилтын нууц нь түүний сэтгэл татам дүр төрх, чин сэтгэл, мэргэжлийн гайхалтай ур чадварт байгаа юм”.
Монголын флейт хөгжимчин, поп дуучин бүсгүй Оросын энэхүү алдарт хөгжимчин, дуучинтай манай хоёр ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон дууг МҮОНРТ-ийн кино албаны хамгийн туршлагатай дуун хөрвүүлэгч Лхагжавын Мягмарын орчуулснаар монгол болон орос хэлнээ хэрхэн хоршиж дуулахыг бид Россия телевизээр энэ сарын 28-ны болон ирэх 5-р сарын 1-ний өдөр харах болно.
Жич: Ярослав Сумишевскийн тун саяхан толилуулаад буй ” Эмэгтэй” дууг хүргэе