ОХУ-д суугаа Элчин сайд Ө.Энхтүвшингийн хөвүүн, Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоог Хөвсгөл аймагт нэр дэвшүүлэх гэж байгаа бололтой юм. Энэ дэвшил, бас эс дэвшил.

Арван хувь тэргүүт цол хочоор дуудуулж, хөрөнгө оруулалт, нийгмийн дэвшлийн төлөөх алхмуудаас арагш татагч хүмүүсийн оронд дэвшүүлэх гэж байгаа нь сэдэл сайн юм. Залуу хүн талаасаа зүгээр юм.

Гэвч МАН-ын угаасаа л бид үе улиран захирах учиртай гэсэн шиг хандлагын нь үүднээс бол зөвгүй юм.

МАН-ынхан Ц.Нямдоржийнхоо хүү Анхбаярыг Төрийн нарийнаас эдүгээ НҮБ-д суух Элчин, байнгын төлөөлөгчөөр хэдийн томилчихсон.

Канадад нэг явах гэснээ азнаад, жаахан байзнасхийгээд л Нью-Йорк тийш залчхаж, томилчхож байгаа юм.

Эрдэнэтийн захирал Ч.Ганзоригийнхоо хүүг Төсвийн байнгын хороон даргаар томилж ажиллуулж байгаа. Архангайгаас УИХ-д хоёр гаргачихсан. Одоо дахиад сойгоод байж байх шиг байна.

Н.Энхбаярын нь Батшугар Сонгино-хайрхандаа дахин дэвших юм байх. Беларуст суугаа Элчин сайд Б.Баярсайханы дүү Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай Энхтүвшингийн Золбоотой хамжаад Хөвсгөл, Булган, Орхоныг дайлахаар “зулаад” л байгаа бололтой.

МАН ч яах вэ дээ, ингэж зулаад л, ингээд л хунтайж нарын бодлогоосоо, үе улиран Монголын ард түмнийг захирах бодлогоосоо ухаршгүйеэ дээ. Бахтай, тачтай л байдаг байх даа.

Улс орон өөдөлж байвал хамаа алга гэхсэн, үе захиран суугаад л байдаг. Улс гэвч урагшлахгүй нь гачлантай. Тэд зайдалсаар л. Ширээ, түрийвч хоёр нь улсаас, дандаа.

Б.ДОРНО

Amlalt.mn