Энэхүү зураг дээрх нийтлэлүүд бол Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Батболдтой холбоотой авлигын асуудлаар гадаадын томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарсан авлигын мэдээллүүдийн цөөхөн хэд нь. Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Хууль зүйн яамнаас албан ёсоор гаргасан мэдэгдэлд “Монголын Ерөнхий сайд асан С.Батболд уул уурхайгаас орж ирсэн хууль бус хөрөнгөөр Нью-Йорк хотноо хоёр үл хөдлөх хөрөнгө худалдан авсан нь тодорхой болсныг АНУ-ын прокурорууд шалгаж байна” хэмээн мэдээлсэн нь гадаадын мэдээллийн хэрэгслүүдийн анхааралд өртөж BBC, Bloomberg, Reuters зэрэг томоохон агентлагууд онцлон мэдээлэв. “Монголын уул уурхайн алдагдсан мөнгө хаачсан бэ”, “Монголын Ерөнхий сайд асан уул уурхайн хулгайн мөнгөөрөө Нью-Йоркын төвд тансаг байрууд худалдан авчээ”, “АНУ Монголын экс Ерөнхий сайдын авлигын асуудлыг нухацтай анхаарч байна” зэрэг гарчигтайгаар хэвлэлүүдийн хуудаснаа цуварч байсан дээрх мэдээллийн гол агуулга нь Ерөнхий сайд асан С.Батболдын ойрын хамаарал бүхий Хонгконгийн компанийн ТУЗ-ийн гишүүний компани Нью-Йорк хотын төвд хоёр байшин худалдан авчээ. Дээрх хоёр байрны нэгийг худалдан авах үед С.Батболдын хүү хамтран худалдан авагчаар бүртгүүлж байсан бол нөгөө нь хүүгийнх нь Америкийн банкинд данс нээлгэхдээ өгч байсан оршин суугаа хаягтай нь таарч байсан зэрэг ноцтой мэдээллүүд ил болоод байгаа. АНУ-ын прокурор, хуулийнхны ил тод зарласан дээрх асуудалд нэр холбогдсон Ерөнхий сайд асан одоо болтол тайлбар өгөөгүй хэвээр байна.
Тэгвэл энэхүү мэдээлэлтэй зэрэгцэн өнгөрсөн сарын 12-нд өөр нэгэн дуулиан зарим мэдээллийн сайтуудаар цацагджээ. Энэ нь холбогдсон “эзэн” нь ижил боловч, Малайзын экс Ерөнхий сайд Нажиб Разактай холбоотой бас нэгэн шинэ дуулиан бололтой. Дээрх мэдээллийг нягталж үзвэл Малайзын Ерөнхий сайд асан Нажиб Разакын хууль бус санхүүгийн асуудалд орооцолдсон SRC компаниас Ерөнхий сайд асан С.Батболдын хүүд мөнгө шилжүүлсэн нь хууль хүчний байгууллагуудын шалгалтаар ил болжээ.
Энэ талаар “New straits times” сайтад нийтлэгдсэн мэдээллийг орчуулан хүргэе.
Эх сурвалж: https://www.nst.com.my/news/crime-courts/2024/03/1024742/former-mongolian-pms-son-received-src-internationals-money-court
Монголын экс Ерөнхий сайдын хүү SRC Интернэйшнл компаниас мөнгө авсныг шүүхээс мэдээлэв
Оргон зугтсан бизнесмен Лоу Тэк Жотой холбоотой гэгддэг Muraset Limited компани 2011 оны арванхоёрдугаар сард SRC International банкны данснаас 15 сая ам.доллар авсан тухай дээд шүүхээс мэдээлсэн. Энэ их хэмжээний мөнгийг хэд хэдэн хүнд шилжүүлсний дотор Монгол Улсын Ерөнхий сайд асаны хүүгийн нэр багтаж байна.
2010 оны гуравдугаар сард Британийн Виржинийн арлуудад байгуулагдсан “Muraset Limited” компани 2011 оны арванхоёрдугаар сарын 27-нд энэхүү мөнгийг хүлээн авсан гэж Британийн санхүүгийн мөрдөн шинжээч Анжела Баркхаус дээд шүүхэд мэдэгдсэн юм.
Оффшор дахь хөрөнгийг буцаах чиглэлээр мэргэшсэн санхүүгийн мэргэжилтэн тэрээр, “Muraset”-ийн талаар судалж байхад Монгол Улсын Ерөнхий сайд асан Сүхбаатарын Батболд “Muraset”-ийг өөрийн хувь нийлүүлэгч, Британийн Виржинийн аралд бүртгэлтэй “Grandcastle Assets Limited” компаниар дамжуулан хянадаг байсан нь тогтоогдсон. Одоогоор тус компани ямар төрлийн бизнес эрхэлдэг нь тодорхойгүй байна” хэмээн нэмж хэлжээ. Мөн Монголын улстөрч Дашийн Уранбилэгийн данс руу хоёр сая ам.доллар шилжсэн.
Малайзын Ерөнхий сайд асан Нажиб Разакийн эсрэг SRC олон улсын шүүхэд мэдүүлэг өгсөн хоёр дахь гэрч “Батболдын хүү Баттүшигт 40 мянган ам.доллар өгсөн” хэмээн мэдүүлжээ.
Анжела Баркхаус “4.5 сая ам.долларыг Батболдын итгэмжлэгдсэн төлөөлөгч, “Мурасет” компанийн захирал Чон Чу Янг руу шилжүүлсэн байна” гэж мэдэгдсэн. Мөн Чон Чу Янгийн гэргий Ким Хак Сёон руу 1.4 сая ам.доллар шилжүүлж байжээ.
Бусад гүйлгээнүүд дунд С.Батболдын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзэмшдэг Британийн Виржинийн аралд бүртгэлтэй Infinite Properties Limited болон Bophut Investments Limited компаниудад тус бүр 4.54 сая, 2.5 сая ам.долларын шилжүүлгүүд багтаж байна…” хэмээн үргэлжилжээ.
Энэхүү нийтлэлд бичсэнээр Малайзын SRC компани нь Ерөнхий сайд асан С.Батболдоос гадна гадаадын томоохон компани, эрх мэдэлтнүүдтэй холбоотой хэд хэдэн ноцтой шилжүүлгүүд хийснийг онцлон бичсэн байна. Энэ асуудал шүүхийн шатанд яваа бөгөөд 2021 оны тавдугаар сарын 7-ны өдөр SRC-ийн шинэ удирдлага Малайзын Ерөнхий сайд асан Нажиб Разакыг анхны хариуцагчаар татаад байгаа юм.
Базарбямбын НЯМСҮРЭН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин