Сүхбаатар аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нарыг саатуулан шалгаж байгаа асуудлаар Авлигатай тэмцэх газраас мэдээлэл хийлээ.
Дээрх асуудалтай холбогдуулан АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн “АТГ-ын мөрдөн шалгах хэлтэс Сүхбаатар аймгийн удирдлага буюу Сүхбаатар аймгийн Засаг дарга, тус аймгийн ИТХ-ын дарга болон бусад холбогдох албан тушаалтнуудыг 2023 оноос эхлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулсан.
Шалгалтын хүрээнд
- Сүхбаатар аймгийн Засаг дарга нь нэр бүхий УИХ-ын гишүүний үеэл дүүгийн эзэмшлийн Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын гуравдугаар багийн нутаг дэвсгэрт байрлалтай 6,700 метр квадрат, мөн 1,359 метр квадрат хэмжээтэй хоёр байрлал бүхий газрын зориулалтыг Газрын тухай хууль болон Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмыг зөрчиж зориулалтыг нь өөрчилж, бусдад давуу байдал олгосон байж болзошгүй.
- Сүхбаатар аймгийн Засаг дарга нь өөрийн хадам дүүгийн Сүхбаатар сумын Баруун-Урт сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 2,635 метр квадрат хэмжээтэй авто угаалга, гараашны зориулалттай газрын төлбөрөө төлөөгүй байхад Газрын тухай хуулийг зөрчиж, бусдад шилжүүлж давуу байдал бий болгосон байж болзошгүй.
- Мөн нэр бүхий УИХ-ын гишүүний эзэмшлийн Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нутаг дэвсгэрт байрлах 3,211 метр квадрат хэмжээтэй газрыг эзэмших эрхийг нь Газрын тухай хууль, холбогдох журмыг зөрчиж, түүний хамаарал бүхий этгээдэд шилжүүлж, давуу байдал бий болгосон.
- Архитектур төлөвлөлтийн даалгаваргүй, батлагдсан зураг төсөлгүй, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөлгүй нэр бүхий компанийн захиралтай шинэ суурьшлын бүс байгуулах, түлхүүр гардуулах нөхцөлтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, зөвшөөрөлгүй барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг өгч 1.4 тэрбум төгрөгийн санхүүжилт авах нөхцөлийг бүрдүүлсний хариуд нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлалтай гурван өрөө үл хөдлөх хөрөнгийг хахуульд авсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байна.
Сүхбаатар аймгийн Засаг дарга болон эрх бүхий албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа.
Сүхбаатар аймгийн ИТХ-ын дарга нь өөрийн эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, тус аймгийн Баруун-Урт сумаас зохион байгуулсан тендерт өөрийн хамаарал бүхий этгээдийн компанийг шалгаруулж, гэрээний гүйцэтгэл, техникийн тодорхойлолт болон тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангаагүй, өөрийн эзэмшлийн хөрөнгийг шилжүүлж өөрт болон бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон байж болзошгүй.
Тодорхой тендерт ААН-ийг шалгаруулаад тухайн тендерт шаардагдаж байгаа эд зүйлийг өөрийн эд хөрөнгийг нийлүүлэх замаар өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй.
Дээрх асуудалд Сүхбаатар аймгийн төр, захиргааны байгууллага буюу хууль хүчний байгууллага, төрийн захиргааны бусад байгууллагын бүх удирдах албан тушаалтнуудын зардлыг гаргуулж аваад БНХАУ-д аялуулсан нөхцөл байдлууд тогтоогдож байна.
Сүхбаатар аймгийн удирдах эрх бүхий албан тушаалтнууд гэмт хэргийн замаар олсон хөрөнгөө нуун далдлах зорилгоор өөрийн хамаарал бүхий иргэдийн данс, картыг ашигладаг.
Мөн ахуйн хэрэглээний хоол хүнс, бараа, баяр ёслолын үеийн бэлгийг албаны эрх нөлөөгөө ашиглаж хүнсний дэлгүүр, үйлчилгээний төвүүдээс төлбөрийг төлүүлэхгүйгээр авдаг. Улмаар уг төлбөрийг хууль бус орлогоор нөхөж төлдөг.
Өөрийн албаны эрх нөлөөг бэхжүүлэх зорилгоор аймгийн хэмжээнд ашигт малтмал, ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээдүүдээс гэрээнд заагаагүй төлбөрийг авч, аймгийн төвийн захиргааны болон тусгай чиг үүргийн байгууллагын удирдах албан тушаалтнуудыг гадаад улсад үнэ төлбөргүй аялуулдаг зэрэг нөхцөл байдлууд тогтоогдсон.
Өөрийн хамаарал бүхий этгээдийн нэр дээрх данс гэдэг нь хууль бусаар олсон байж болзошгүй мөнгөн тэмдэгтийг бусдын дансанд байршуулаад тухайн этгээдийн картыг нь ашиглах байдлаар өөртөө давуу байдал бий болгосон. Хөрөнгө нуун далдалсан байж болзошгүй нөхцөл байдлууд тогтоогдож байгаа.
Мөн аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байгаа этгээд нь “1989 оны төгсөгчдийн клуб” нэртэй ТББ-д төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаг нь тогтоогдсон. Тухайн төрийн бус байгууллагад бүртгэлтэй гишүүд нь өөрсдийн үүсгэн байгуулсан, үйл ажиллагааг нь хариуцдаг аж ахуйн нэгжээр дамжуулан Сүхбаатар аймгаас зарлагдсан өндөр үнэ бүхий тендерт удаа дараа сонгон шалгарч байсан нөхцөл байдлууд тогтоогдож байна” гэсэн юм.