“Улс төрчид хэлд орж байна гэж “Эргэлт.мн” сайтад бичээд Д.Батлут, Г.Ганболд, Ж.Батжаргал, Т.Энхтүвшин, Т.Аубакир нарын зургийг тавьчихаж. Нээрээ л, хэлд орж байгаа юм байх.

Дараагийн нэг сайт руу шагайхад УИХ-ын гишүүнд “горилогч”, Дэд сайд асан, МАН-ын Нарийн бичгийн дарга “О.Батнайрамдал: Аливаад зарчимч, тууштай үнэнч байх хэцүү ч хэзээ ч замаасаа хазайхгүй” гэсэн уянгалаг яруу гарчигтай урт ярилцлага өгсөн бол дэргэд нь УИХ-ын гишүүн Ч.Ундрам: “Төв, Сэлэнгэ, Дархан-Уул хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн алтан гурвалжин байх болно” гээд л ярьж.

Мөн тэгтэл тэрүүхэнд нь, өнөө хоёроосоо холгүй Ховд Засаг дарга Э.Болормаа: “Ховдод Хийх ажил их. Хүн нэмэгдэж хөдөө хөгжинө” гэсэн данагар ярилцлагыг гаргажээ. Ярьж байгаа хэлж байгаад нь буруу юм алга л.

Гэвч Монголын улс төрчид ингэж гучин жил хэл, хөлд орж, өөрсдөө товиржсон ч Монгол орон малын түүхий эдээ боловсруулах үйлдвэргүй, эрчим хүчгүй гачаалдан, төрийнхөө ордноос мянган метрт нүхэн жорлонтой ард түмэнтэйгээ дөрвөн уулынхаа дунд чихцэлдэн, утаа униар суунагтаа хордон амьдарч байгаа биз дээ. Худлаа гэх хүн гарахгүй байх. Монголын улс төрчид хэлд орж болдог бол үнэхээр төгс орох хугацаа өнгөрсөн. Хөлд орох нь бол хэтийдсэн. Дөчин дөрвөн их наядаар нь нүүрсээ хулгайлах түвшний хөлд орсон байх.

Их хурлын гишүүн П.Анужины нэг байдаг. “Нүүрний нь гал, нүдний нь цогоос хэн хүнийг хэнтэй ямархан амьдарч байгааг нь харчхаж болно” гэж. Үнэн үг л дээ. Хүүхнүүдийн гал цогийг хэлээд байгаа хэрэг.

Тэгвэл Монголын улс төрд хэдэн арван жилээр ноёлсон эрчүүд хэрхэн ажилласныг, яаж зүтгэснийг, улс орноо гэж бодсон эсэхийг Монголын өнөөдөр ямархуу байгаагаар төвөггүй харж болно доо.

Монголын ард түмний амьжиргааны түвшин, эдийн засгийн агуулгыг нүдний нь галаар хэмжихэд улаан гэрэл л асаж буй байх.

“Өдрийн сонинд-д өнөөдөр бичсэн байна. “Нэрд гарсан юмнуудаас нэг ч өөдтэй “амьтан” байхгүй ээ” гээд. Монголын улс төрчид иргэд олон түмнээсээ ийм л үнэлгээ авч байгаа юм.

Тийн атал гэнэтхэн “хэлд ороод” л, удахгүй “хөлд орж” одоо л улс орноо хөгжүүлэх гээд байна гэж ярьсан улс төрчид та нарын урт урт, үлгэр шиг, шүлэг шиг, яруу сайхан үг, ярилцлагад чинь ард түмэн нэгэнт итгэхээ байсан гэдгийг бололцмоор доо…

Б.ГАРЬД

Амлалт.мн