Баянгол дүүргийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр гаргасан А/207 тоот захирамжийн хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг, явган болон унадаг дугуйтай зорчиж буй иргэдийн зорчих хөдөлгөөнд саад учруулж буй Түргэн үйлчилгээний цэг (ТҮЦ)-үүдийг нүүлгэх арга хэмжээг холбогдох алба хэлтсүүд хамтран шат дараатай зохион байгуулж буй.
Тэгвэл энэ сарын 16-17-ны өдрүүдэд БГД-ийн 28-р хороо, 10-р хорооллын урд талын автобусны буудал орчимд байрлуулсан ТҮЦ-үүдийг дүүргийн Газар зохион байгуулалтын алба, Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс, 28-р хорооны Засаг дарга ажлын алба, “Баянгол- ХҮТ”, Цагдаагийн 2 дугаар хэлтсийн алба хаагчид хамтран нүүлгэх арга хэмжээг зохион байгууллаа.
Ингэснээр явган болон унадаг дугуйтай иргэд чөлөөтэй зорчихоос гадна Улаанбаатар хотын дулаан хангамжийн 11г,д Ф800мм-ийн гол шугамыг Ф1000мм голчтой болгон өөрчлөх ажлыг явуулахад саад учрахгүй болж байна. Тодруулбал, 1 дүгээр хорооллын урд талаас баруун 4 замын уулзвар хүртэлх нийт 3,4 км шугам сүлжээг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинэчлэх ажлыг хийхээр болсон. Дээрх шугам сүлжээ, шинэчлэлийн ажил БГД-ийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу 10 дугаар хорооллыг хамарч байгаа юм.
Мөн ТҮЦ нүүлгэсний дараа тухайн байршлуудад “Баянгол шинэ өргөө” ОНӨААТҮГ-ын зам талбайн цэвэрлэгчид цэвэрлэгээ хийж байгаа бөгөөд тасалсан цахилгаан утасны аюулгүй байдлыг хангах ажлыг Хэрэглэгчдэд үйлчлэх төв болон 28-р хорооны Ажлын алба, олон нийтийн байцаагчид хариуцан ажиллалаа.