УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ, Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар, УИХ-ын гишүүн Э.Болормаа, Ж.Баярмаа, С.Эрдэнэбат, С.Зулпхар, Б.Хэрлэн нар өнөөдөр (2024.09.05) Төрийн албаны зөвлөл, түүний дэргэдэх Ёс зүйн хороонд ажиллалаа.
Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн төрийн албан хаагчдын талаарх танилцуулгадаа төрийн 4239 байгууллагад 229 621 төрийн албан хаагч ажиллаж байгаа нь нийт хүн амын 6,8 хувь, ажиллах хүчний 17,9 хувийг эзэлж буйг дурдлаа. Мөн хөгжлийн бэрхшээлтэй 500 иргэн шинээр ажилд орсон нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогын үр дүн гэв. Төрийн албаны зөвлөл 2019-2024 онд төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх чиглэлээр бүртгэл явуулж, 2024 оны эхний найман сард 471 сая төгрөгийг улсын төсөвт татан төвлөрүүлжээ.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан иргэд, олон нийтийн зүгээс төрийн албанд өгч ирсэн үнэлэмж, үнэлгээ сул байгаад анхаарал хандуулж, хариуцлагатай төрийн алба, албан хаагчийг бий болгох, төрийн албаны хүний нөөцийн бодлого, зааг ялгааг тодорхой болгоход анхаарлаа хандуулж ажиллана гэлээ. Цаашлаад “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого” зэрэг баримт бичгүүдэд төрийн албаны шинэчлэл, төрийн албаны бүтцийн өөрчлөлтийн асуудлыг тусгаж чадсаныг тодотгоод төрийн албанд процессын дахин инженерчлэл хийх шаардлагатай талаар онцоллоо. Ингэснээр орчин цаг, нийгмийн хэрэгцээнд тулгуурлан, олон нийтийн хүлээлтэд хүрч чадахуйц бүтэцтэй төрийн албыг бий болгох боломжтой гэв.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ төрийн албанд томоохон шинэчлэл хийх нь зүйтэй бөгөөд хариуцлагын тогтолцоог чангатгаж, төрийн албанд шатлан дэвших гол шалгуурт ёс зүйн асуудлыг оруулах ёстой гэсэн бол, УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар төрийн албаны нэр хүндийг унагааж буй ёс зүйн доройтол, авилга, хүнд сурталтай тэмцэх, дахин инженерчлэл хийх зайлшгүй шаардлагатай хэмээв. Мөн ТАЗ-ийн гишүүд Ёс зүйн хорооны гишүүнээр ажиллаж байгаа нь хараат бус үйл ажиллагаа явуулахад учир дутагдалтай талаар дурдлаа.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хянан шалгах дөрөв дэх засаглалыг бий болгох талаар санал хэллээ.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан олон нийт төрийн албанд итгэх итгэл илт суларч байгаа нь арга барил, үзэл баримтлал, философийн хувьд хоцрогдсон учраас УИХ хууль эрх зүйн шинэчлэлийг эхлүүлж байна хэмээлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.