УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж болон Тамгын газрын удирдлагууд өнөөдөр (2024.09.10) хэвлэлийн бага хурал зохион байгуулж, 2024 оны ээлжит бус чуулганы үйл ажиллагаа болон УNH-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгүүдийн талаар мэдээлэл өглөө. Хэвлэлийн бага хуралд УNH-ын Тамгын газрын Тэргүүн дэд дарга Ч.Ариунхур, дэд дарга Э.Лхагва, Хуулийн газрын дарга Ч.Дондогмаа нар оролцов.
УИХ-ын ээлжит бус чуулган 2024.08.15-30-ны хооронд хуралдаж, нийт 12 өдөр үргэлжлэн, 7 удаа нэгдсэн хуралдаан болж, 30 хууль, тогтоол баталсан болохыг УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж мэдээллээ. Үргэлжлүүлэн тэрбээр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 2024 оны ээлжит бус чуулганыг хааж хэлсэн үгэндээ онцолсон ГУРВАН ТӨГӨЛДӨРЖИЛТИЙГ дурдаж, тус бүрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Нэн тэргүүнд хүний эрхийг дээдэлсэн, хүн төвтэй үзэл санааг хууль тогтоомжид суулгах асуудлыг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан онцолсон юм.
Хоёрдугаарт, хуулийн зохицуулалт иж бүрэн, тодорхой, ойлгомжтой байж, хуулийн хэрэгжилт хэнийг ч ялгалгүй нэг мөр хангагддаг байхад УИХ анхаарч ажиллана хэмээсэн.
Гуравдугаарт, хууль нь цаг үеийн шаардлагад нийцсэн, хөгжил дэвшлийг дэмжсэн, цаг хугацааны хувьд хоцрогдолгүй байх ёстойг тэмдэглэснийг Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж дурдаад 1991 онд батлагдсан Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай, 1995 онд батлагдсан Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай, 1997 онд батлагдсан Дампуурлын тухай хуулиудыг жишээ татан тайлбарлав.
Түүнчлэн холбогдох байгууллагуудаас хийсэн судалгаагаар хуульд заасан үндэслэлээр яам, агентлагаас баталсан олон дүрэм, журмууд нь хүний эрхийн олон төрлийн зөрчил үүсгэж байгаа нь тогтоогдсон тул УИХ-ын гишүүдийн саналыг авч, нийт 53 ажлын хэсэг байгуулаад байгаа талаар мэдээлэл өгөв. Тодруулбал, хүний эрх, хууль зүйн хүрээнд 16, төрийн байгуулалтын болон төрийн албаны чиглэлээр 5, нийгмийн хамгаалал, эрүүл мэнд, боловсролын чиглэлээр 9, эдийн засаг, аж ахуйн үйл ажиллагааны чиглэлээр 16, байгаль, орчин, хүрээлэн буй орчин 3, хот байгуулалт, дэд бүтцийн салбарын 5 ажлын хэсгийг байгуулаад байгаа юм.
Үргэлжлүүлэн Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж зарим ажлын хэсгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. УИХ-ын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөний төслийг боловсруулж, ирэх намрын чуулганаар өргөн мэдүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг дэд дарга Х.Булгантуяа ахалж ажиллаж байгаа юм байна.
УИХ-ын дарга, холбогдох Байнгын хороодын дарга нар, УИХ-ын зарим гишүүд 2024.09.05-ны өдөр Төрийн албаны зөвлөлд ажиллаж, Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилт, төрийн албаны шинэтгэл, цаашид хийх өөрчлөлт, тулгамдсан асуудал зэрэг сэдвээр санал солилцсон. Үүний үр дүнд Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийг судлах, санал, дүгнэлт гаргаж, холбогдох хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг гишүүн Г.Дамдиннямаар ахлуулан ажиллаж байна.
Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсгийг УИХ-ын даргын захирамжаар байгуулжээ. Хуулийн зохицуулалт, бичилт, техник энгийн ойлгомжтой биш, хууль бүтээх бүхий л үйл явцад иргэд, олон нийт, иргэний нийгмийн байгууллага, мэргэжлийн холбоодын оролцоог хангалттай хэмжээнд хангадаггүй. Өдгөө хэрэгжиж буй Хууль тогтоомжийн тухай хууль болон холбогдох бусад хуулиудад хуулийн төсөл боловсруулахад иргэний нийгмийн байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоог хангахаар тусгасан ч хэрэгжилт нь хангалтгүй байгаа учраас дээрх хуулийг шинэчлэн найруулах шаардлагатай хэмээн үзсэн байна. Энэхүү ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар ахалж ажиллаж байгаа аж.
УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан дээрх 53 ажлын хэсгийн 18 нь холбогдох санал, дүгнэлтээ боловсруулан 2024 оны намрын ээлжит чуулганаар УИХ-д танилцуулах бол бусад ажлын хэсэг ирэх 2025 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд санал, дүгнэлтүүдээ УИХ-д танилцуулахаар төлөвлөн ажиллаж байгаа юм.
УИХ-ын 2024 оны намрын ээлжит чуулган УИХ-ын тухай хуульд заасны дагуу 10 дугаар сарын 01-ний өдөр эхлэх бөгөөд үүнээс өмнө хуульд заасны дагуу Төсвийн байнгын хороо Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг олон нийтээр хэлэлцүүлж, саналыг нь авч ажиллаж байгааг Б.Баасандорж дарга мэдээллээ. Ирэх оны улсын төсвийн төслийг D-Parliament цахим хуудаст байрлуулсан бөгөөд иргэд саналаа өгөх боломж нээлттэй байгааг тэрбээр хэвлэлийн бага хурлын үеэр онцоллоо.
Ийнхүү хэвлэлийн бага хурлын төгсгөлд УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж болон Тамгын газрын удирдлагууд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.