Ховд аймаг, Буянт сум. Норжинхайрхан багийн “Хөх булан” гэдэг газар суудлын 2 автомашин мөргөлдөж, 1 автомашин нь шатаж байна гэсэн дуудлагыг энэ сарын 10-ны өдрийн 22:21 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчид 21 км замыг туулан 22:42 цагт очиход Баян-Өлгий аймгаас Ховд аймгийн чиглэлд зорчиж явсан “Приус-20” загварын суудлын /2 зорчигчтой/ автомашин, Ховд аймгаас Баян-Өлгий аймгийн чиглэлд зорчиж явсан “Приус-20” загварын суудлын /5 зорчигтой/ автомашин хоорондоо мөргөлдсөний улмаас 1 автомашин шатаж, автомашины бүхээгт Ховд аймгийн Буянт сумын харьяат иргэн С/61 настай, эрэгтэй/, А /51 настай, эрэгтэй/ нар хавчуулагдан шатаж нас барсан, 2 дахь автомашины бүхээг дотор Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат иргэн С/61 настай, эмэгтэй/ хавчуулагдаж нас барсан байсан тул гал түймрийг унтрааж, цогцсуудыг гарган тус аймгийн Цагдаагийн газрын бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.
Мөн 4 хүнд эмнэлгийн анхны тусламжийг үзүүлж, аймгийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт хүлээлгэн өгсөн.