Наадамчдын өргөн чөлөөний нэгдүгээр эгнээг чөлөөлж, автобус явуулах шийдвэр гаргасан. Энэхүү үйл ажиллагаатай холбогдуулан Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг мэдээлэл хийлээ.
Тэрээр “Нийслэлд буй тээврийн хэрэгслийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Эхний хагас жилд импортоор 60 мянган машин оруулж ирсэн гэх статистик бий. Зөвхөн Наадамчдын өргөн чөлөө гэлтгүй нийслэлийн 356 км урт гол ба үндсэн зам дээр явах тээврийн хэрэгслийн тоо үлэмж хэмжээгээр нэмэгдэж байна.
Тиймээс урсгалын хэмжээг нэмэгдүүлэхээр нийтийн тээвэр зорчих хэсгийг чөлөөлж, хаалт хашилт тавьсан. Улмаар Наадамчдын өрөн чөлөө орчмын 7.2 км дээр нийтийн тээвэр зорчих хашилт тавьсан. Хашаа хайс байршуулах ажлыг Улаанбаатар зам ашиглалтын газар хийж байгаа бөгөөд 12 мянга гаруй метр урттай хашаа хайс 950 сая төгрөгийн өртөгтэй юм. Одоогоор хашааг 3000 м-т тавиад байгаа ба эвдэл гэмтэл зэргийг тооцоолж нэмэлтээр нөөцлөөд байна.
Мөн нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлж байна. Тиймээс иргэдэд нийтийн тээврээр зорчихыг уриалмаар байна. Нийтийн тээврийн чанарыг сайжруулахаар ажиллаж байна. Цаашдаа нийтийн тээврийн эгнээг хаших ажлыг үе шаттайгаар хийнэ. 11 дүгээр сар гэхэд 1000 автобусыг шинэчилнэ.
Өнгөрсөн шөнө согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээд хэд хэдэн байршлын хашлага, хаалт мөргөж гэмтээсэн. Хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын ажил явагдаж байна” гэв.