“Нүүрсний” гэх тодотголтой хэрэгт яллагдагчаар татагдсан Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой”-н гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал өнөөдөр болно.

Өнгөрөгч наймдугаар сарын 30-ны өдөр болсон урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр шүүгдэгч Т.Түвшинбаатарын өмгөөлөгч “Хуралдаанд биечлэн оролцох боломжгүй. Хурал давхацсан тул хурлыг хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан бөгөөд улмаар шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээн авч хуралдааныг хойшлуулсан юм.

УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханыг авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д хамаарах нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй, мөн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан, гэмт бүлэг байгуулсан, хахууль өгсөн, авсан зэрэг хэрэгт яллагдагчаар татан шалгаж байсан бол уг 11 хүнийг шалгах мөрдөн байцаалтын явцад худал мэдүүлэг өгөх, гэрчид хууль бусаар нөлөөлсөн зэрэг зүйл анги нэмэгдсэн байдаг.