“Пагмадулам” киног үзлээ. Жүжигчдийн ур чадвар, зураг авалт, найруулагчийн өгүүлэмж…ярих юмгүй. Яг юу нь намайг эмзэглүүлэв ээ.
1. Дашдоржийн Нацагдорж бол эрэмгий эр хүн, гал мэт бадарсан сэтгэлтэй, гол мэт урссан авъяастай, омог бардам яруу найрагч. Тийм байж л эсгий гэрээс эрхэмсэг сансар огторгуйд тэмүүлсэн “Од” шүлэг, эх орноо бүрэн тойрч, бүтэн бүртгэж үлдээсэн “Миний нутаг” шүлгүүдийг бичнэ. Бас маш том бодлоготон. “Харанхуй хад”, “Хуучин хүү” өгүүллэгүүд тэр чигээрээ бодлого. Хэлмэгдүүлэлтийн их шуурганы үед өөрөө хэлмэгдсэнээс, үзэг нэгт нөхдөө барьж өгөөгүй зоригтон. Гэтэл энэ кинонд үлбийсэн архичин явсаар дуусав.
2. Д.Нацагдорж 1932-1937 онд Бөмбөгөр ногоон театрт үндэсний анхны дуурь “Учиртай гурван толгой”-гоо тавьж байв. Суут бүтээл. Одоо ч бид эргэн тойрноосоо учиртай гурван толгойнуудыг уут уутаар нь харж болно. Гэтэл Монголын түүхийн хоёр чухал залуу буюу, гол дүрийн Нацагдорж, Пагмадулам нар уг кинонд Хятадын “Сүн Ү Күн”-ийг үзээд явж байх юм. Сүн Ү Күн нь дэлгэц дүүргэн гарч байна. Шууд реклам. “Учиртай гурван толгой” бүр сураг байхгүй. Бас болоогүй ээ, “Сүн Ү Күн”-ийг үзчихээд гарч явахдаа Пагмадулам Нацагдоржид Хятадын уран зохиолын таван оргилын тухай бичил яриа хийгээд амжина. Бас улаан цагаандаа гарсан реклам нэвт үнэртлээ. За Оюунгэрэл ээ, би хардах эрхээ эдэлнэ. Энэ кинонд Нацагдоржийн ганц шүлгийн нэр, ганц дуурь, жүжгийн нэр байхгүй хэрнээ яахаараа Хятадын утга зохиол яриад байдаг билээ. Чи Монголын эмэгтэйчүүдийн холбооны нэрээр жил бүр баахан эмэгтэй урагшаа Хятад руу авч явдаг, бас энэ киног продюссерлэсэн. Хятадуудаас хэдэн саяыг авсан бэ, үүнийгээ тайлбарла даа. Чи яг ямар орлоготой, цалинтай, бизнестэй хүн бэ? Та нарт сэтгэл байсан бол “Учиртай гурван толгой” өнгөрсөн хавар Дуурийн театрт тавигдсан, хэдхэн секунд бичээд авч болох л байсан. Учир нь аль эрт нас барсан Нацагдорж та нарт дууриас минь хэсэгчлээд кинондоо оруулаад өгөөч гэж мөнгө төлөөгүй, тийм үү? Их зохиолчийн ганц зохиолоос дурдсангүй, ганц удаа бийр янтай бариулсангүй, архийг бол авдар авдраар цутгасаан, архи уугаад л бичээд байжээ гэж залуус ойлгох юм уу?
3. Пагмадулам яс баригч буюу үхсэн хүний авс хийдэг хятад өвгөнтэй тун ойрхон байсаар, түүний сургаалийг сонсон ухаажина. Эцэст нь хийдийн үүдэнд золбин нохой мэт үхэж хаягдсан Нацагдоржийг нөгөө өвгөний хамт сүүлийн замд нь үднэ. Кино ингээд дуусч байгаа юм. Чи энэ киног хийх гээд мөнгө хайж явахдаа Пагмадулам хэлмэгдүүлэлтэд өртөж, буудуулж нас барсан, тэгэхдээ намайг нүүрэнд минь л бүү буудаарай гэж гуйгаад бөгжөө мултлаад өгсөн байтал нөгөө бууны нохой нь яг нүүрэнд нь хараалж гохоо дарсан гээд яриад явж байгаагүй бил үү. Гэтэл чиний продюссерлэсэн киноны Пагмадулам киноны турш хэд хэдэн удаа хятадаар уянгалуулан ярьж, хятад торгон хар хувцас өмсөөд, хятад өвгөнтэй хамт үлдлээ. Яагаад иймдээ тулав, яахаараа ингэж шийдэв? Үүний цаана хэний ашиг сонирхол байсан бэ? Архичин, сул дорой Нацагдоржийн өгч чадаагүй бүхнийг хөгшин ч гэсэн хятад өвгөн тэр бүсгүйд өгсөн гэдэг өгүүлэмж мөн үү, эсвэл ёгтлол юм уу?
4. Дашдоржийн Нацагдоржийг Пагмадуламаас салчихаад гундуу явахад нь хүрээний хятад хоолны газрынхан зориуд үнэгүй архи ээлж дараалан сөгнөсөөр архинд живүүлж хөнөөсөн гэдэг амьд гэрчийн баримт яриа бий. Гэтэл энэ кинонд хятадууд л ивээгээд, түшиж тулаад, бүр сүүлчийн замд нь үдээд байх юм уу? Монголчууд тэртэй тэргүй их гүрнүүдийн бодлогын золиосонд ихийг алдсан, суут хөвгүүдээ, оюунт охидоо золиослосон, одоо ядаж түүхэн киноныхоо гол утга санааг мөнгөөр наймаалцалгүй аваад үлдэж болох уу? 10 жилийн дараа гэхэд ингээд хардаад, заргалдаад суух хүн ч үгүй, Нацагдорж гэдэг архичин, Пагмадулам гэдэг мундаг хятад хэлтэй бүсгүй хоёр байжээ, тэр хоёр Сүн Ү Күн-ий фэнүүд байсан ажээ, Хятадын утга зохиолын таван оргил нь ийм учиртай юм гэнэлээ л хэмээсэн ойлголт тээж залуу үе маань үлдэх ёстой юм уу?
5. Энэ бол оюун санааны наймаа, үүний цаана хэдэн сая юанийн яриа явагдсан бэ. Эсвэл нөгөө “Амьдрахуй”-г тавиад байсан зохиолч чинь санаагаа зарчихсан юм уу? Цаашдаа Монголын их хаад бүгд хятад зөвлөхтэй, суут зохиолчид хятад багштай болж кино уран бүтээлд дүрслэгдэх үү? Түүхэн бүтээлийг мөнгөний шуналтай, албан тушаалын амбицтай хэн дуртай тогос нь шүүрч аваад ингээд хятадчилж болж байгаа юм уу? АТГ энэ “Пагмадулам” киноны төсөв мөнгө, хөрөнгө оруулалтыг шалгамаар байна! Монголын зохиолчдын хороо ч бас үгээ хэлмээр байна! МАН энэ Монголын эмэгтэйчүүдийн холбооны тавиул даргаа эргүүлэн татаад, эцээхэн шалгана уу! Ямартай ч мөнгөө төлсөн нь хөгжмөө захиалсаар байгаад кино дууслаа.
Сэтгүүлч Р.Эмүжин