Улсын нийслэл УЛААНБААТАР маань өвөл нь утаандаа манантаад, зун нь өтгөндөө живчих гээд жинхэнэ гамшигийн бүс болоод нэлээдгүй жилийг өнгөрөөж байна. Үе үеийн цагаан захтнууд агаарын бохирдолтойгоо тэмцээд даруй 17 жилийн нүүрийг үзэж байна гэх ч өнөөдөр нийслэлийн утааг салхинаас өөр дарж чадах хүчин зүйл харамсалтай нь байхгүй байна. Бид зөвхөн сүүлийн дөрвөн жил тус бүр 30-аас дээш тэрбум төгрөгийг татварын хөрөнгөнөөс утаанд зарцуулсан ч бүх зүйл бахь байдгаараа. Харин ч жил ирэх тусам утаа өтгөрч, Монголд жилд дунджаар агаарын бохирдлоос үүдэлтэй өвчнөөр 300 гаруй хүн хорвоог орхиж байгаа харамсалтай мэдээллийг холбогдох албанаас өгч буй юм.

Харин одоо хөхүүрийн ам наашилж, дараагийн асуудал буюу нүхэн жорлонгийн сэдэв нийслэлчүүдийг чилээнэ. Тиймээс л эртхэн утаагаа “өтгөнтэйгөө” цуг ярьмаар байна, хотын дарга аа…

Энэхүү зурган дээрх бор цэгүүд бол нийслэлийн нүхэн жорлонгийн байршлууд. Өөрөөр хэлбэл, нүхэн жорлонд мэргэжилтнүүдийн судалгаагаар 5.25 сая тонн шингэн хаягдал, 1.4 сая тонн өтгөн хаягдал хуримтлагддаг байна.

Тэгвэл өнөөдөр нийслэлчүүдийн 70 хувь нь нүхэн жорлон хэрэглэж, гэр хороололд амьдарч байгаа. Харин тэдний амны болон хэрэглээний усаа авдаг ганцхан худгийг тойроод доод тал нь 40 нүхэн жорлон байршиж буй юм. Өргөнөөр хэлбэл, Монголд 3.6 сая хүн бүртгэгдсэний 22 хувь нь инженерийн шугам сүлжээтэй орчинд амьдарч байна. Үлдсэн 80 орчим хувь нь нүхэн жорлон хэрэглэж байгааг мэргэжлийн байгууллагууд тооцоолжээ. Нэг үгээр, нүхэн жорлонгоос болж ундны ус хөрсөөр дамжин бохирдож байна. Энэ нь хөрс, усны бохирдлын эх үүсвэр болсоор…

Мөн хог хаягдлыг зориулалтын байгууламжид устгахгүй байгаа нь хөрсний бохирдлыг үүсгэдэг. Эргээд агаарын бохирдол нь жингээрээ газарт бууж, хөрсний бохирдлыг мөн үүсгэнэ. Тиймээс агаар, ус, хөрс гэсэн байгаль орчны бүрэлдэхүүн нь цогц нийлмэл хэсэг учраас эдгээрийн бохирдлыг бууруулах асуудлыг яалт ч үгүй цогцоор нь авч үзэх хэрэгтэй болж байна. Үүний тод жишээ нь нийслэлд хамгийн элит, агаарын бохирдол багатай гэгддэг Зайсангийн аманд байгаа гурван хотхоны иргэдийн ууж байгаа уснаас гэдэсний савханцар илэрсэн. Мөн нийслэлийн төвд байрших Сэлбэ голын уснаас гэдэсний савханцар удаа дараа илэрсээр буй юм. Тэгэхээр нүхэн жорлонгийн голомт болсон гэр хорооллын ундны ус ямар хэмжээнд байгаа нь ойлгомжтой.

Энд бяцхан судалгаа сонирхуулахад, хүний ялгадас өдөрт 200-400 грамм ялгардаг. Энэ хэмжээний ялгадсыг 200 их наяд ротовирус, 20 тэрбум бактер, 100 мянган шимэгч хорхойн өндөг байдаг гэсэн судалгаа байдаг. Нийслэлчүүд бид өдөр бүхэн ийнхүү “өтгөн”-өөр амьсгалж, хордсоор байна.