ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Дорнод аймагт ажиллах үеэрээ тус аймгийн Онцгой комиссын ээлжит хуралдаанд оролцож, өвөлжилтийн нөхцөл байдал болоод аймгийн хэмжээнд зонхилон тохиолддог гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх хүрээнд зохион байгуулж байгаа үйл ажиллагаатай танилцаж, холбогдох мэдээллийг өглөө.
Дорнод аймгийн цасны дундаж зузаан Халхгол сумын нийт нутгаар 14-17 см, цасны дундаж нягт 0.16-0.20 г/см3 буюу цагаанаар зудархуу бусад сумдын нутгаар 0-4 см зузаан цасан бүрхүүлтэй байна.
Түймрийн эрсдэл өндөртэй аймгийн төвөөс алслагдсан газруудад түймэр унтраах бүлгийг ажилуулах хөрөнгийг орон нутгаас шийдвэрлэж, Халхгол, Матад сумын заагт үйл ажиллагаа явуулах Газрын тосны 19 дүгээр талбай болон Дашбалбар сумыг түшиглэн бүлэг байрлуулахаар бэлтгэл ажлаа хангажээ.
Мөн 10 суманд ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, гарсан түймрийг шуурхай унтраах ажлыг зохион байгуулах үүрэг бүхий алба хаагчдыг томилон ажиллуулах зардлыг ч орон нутгийн төсвөөс шийдвэрлээд байна.
Энэ онд Матад суманд гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль, Булган, Хөлөнбуйр, Чойбалсан, Гурванзагал суманд гамшгаас хамгаалах команд штабын дадлага, сургууль, Цагаан-Овоо, Сэргэлэн, Чулуунхороот, Дашбалбар, Баяндун сумдад гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг зохион байгуулна.
Түүнчлэн аймаг, орон нутгийн хэмжээнд үер, усны ослоос урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах, үерийн хамгаалалтын даланг сэргээн засварлах, авто замуудын үерийн ус зайлуулах системийн ажиллагааг сайжруулах, Хэрлэн голын эрэг дагуух камерын хяналтыг нэмэгдүүлэх зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээг эртнээс төлөвлөн, арга хэмжээний биелэлтийг үе шаттайгаар зохион байгуулахаар ажиллаж байгааг танилцууллаа.